Consonance-Crossover сонгодог бүтээлүүд дахин эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.27-нд нийтлэгдсэн

Consonance-Crossover сонгодог бүтээлүүд дахин эгшиглэнэ

Өнөөдөр дэлхийн театрын өдөр. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Consonance-CROSSOVER" тоглолтыг үзэгч түмэндээ толилуулж байна.

“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон тус театрын залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Консонанс” хамтлагийн залуусын анхны бие даасан тоглолт нь "Consonance-CROSSOVER" юм. Тэд өнөөдөр энэхүү тоглолтоо дахин тоглоно.

Ингээд хамтлагийн ахлагч А.Наранбаатар болон Э.Отгонбаттай цөөн хором ярилцсанаа танд хүргэж байна.

-Юуны өмнө залуустаа анхны бие даасан тайлан тоглолтоо хийж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

А.Наранбаатар: Мэдээж үнэхээр сайхан байна. Бид дуурийн театрын уран бүтээлчид болоод жил гаруй хугацааг өнгөрлөө. Өнөөдөр “Сonsonance” хамтлагийн зүгээс анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолт маань олон улсын театрын өдөртэй давхлаа. Магадгүй энэ удаагийн тоглолт нэрнээсээ эхлээд учиртай байлаа. Яагаад гэхээр энэхүү нэр бидний уран бүтээлтэй салшгүй холбоотой. Бидний хамгийн анхны бүтээл бол “Карузо” дуу. Энэ дуу бол дуучин хүний тэр дундаа театрын тайзан дээр амьдарч байгаа утга учрыг бүхэлд нь харуулсан гайхалтай уран бүтээл юм. Оюутны тэр орчноос эхлүүлсэн энэ бүтээл маань өнөөдөр биднийг дэлхийн олон олон сонгодог бүтээлд авчирлаа. Тиймээс тоглолтыг орчин үеийн үзэгчдийн таашаалд нийцсэн тийм л өнгө аясыг гаргахыг хичээсэн. Анхны тоглолт болоод ч тэрүү сандрах зүйл их байлаа. Бид дэлхийн сонгодог аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой, тансаг хэлбэрээр хүргэлээ. Үзэгч түмэндээ баярлалаа.

Э.Отгонбат: Өнөөдөр энэхүү тоглолтоороо бид сrossover гэж нэрлэгдээд байгаа урсгалыг залуучуудад таниулахыг зорьсон. Crossover чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвисан байдаг. "Consonance-CROSSOVER" буюу поп-опера гэж нэрлэгдэж байна. Үүнээс хойш бид “Consonance- Classical Crossover” буюу попыг сонгодогтой нийлүүлж, өөрсдийн стиль жанарт оруулан шинэчилж дуулах юм. Энэ урсгалын төлөөлөл дэлхий дахинд гараад ирлээ. Тэднээс суралцах зүйл их байна. Монгол залуучууд яагаад поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвиж болохгүй юм бэ гэдэг хүсэл эрмэлзэл бидэнд байна. Тиймээс бид хичээх болно.

Г.Дашчанрав /тенор/, А.Наранбаатар /тенор/, Э.Отгонбат/баритон/

 

-Та бүхэн “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож олны танил болсон. Телевизийн шоу нэвтрүүлэгт яагаад орох болов?

Э.Отгонбат: Мэдээж залуу уран бүтээлчдийн хувьд өөрсдийгөө сорихийг хүссэн. Дэлхийд алдартай энэхүү шоу эх оронд минь болж байхад бид боломжийг алдахыг хүсээгүй. Шоуны явцад биднийг маш ихээр дэмжсэн үзэгчдийн тэр их хүлээлтэд урамшсан. Энэхүү шоунд оролцсоноороо бидэнд маш их давуу талыг авчирлаа. Тиймээс уран бүтээлийн тоглолтоо хийхэд минь их нэмэр болсондоо. Эндээс урам зориг, эрч хүчийг авсан.

-“Consonance” хамтлагийг хэрхэн байгуулж байсан бэ?

-Хөгжим бүжгийн коллежийн оюутан залуусын нэгэн адилаар хамтлагаа байгуулж байсан. Анх манай хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. Удалгүй хоёр найз маань хамтлагаас гарч бид гурав үлдсэн. Бид 2014 онд дуурийн театрт шалгуулж, найрал дууны ангид орсон. Тэгээд мэдээж нэгэнт “Consonance” хамтлагийг байгуулсан юм чинь цааш хамтраад уран бүтээлээ хийгээд явья гэж шийдсэн.

-Энэ удаагийн тоглолтод Италиас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаио оролцлоо шүү дээ?

-Дэлхийн олон оронд тоглосон Италийн алдарт удирдаач манай улсад ажиллах хугацаанд бидний тоглолт боллоо. Энэ бол яах аргагүй бидний хувьд маш том боломж байсан. Мөн бид театрын захиргаанаас анхны тайлан тоглолтоо хийх зөвшөөрлөө авах үед Роберто Салвалаио тоглолтод оролцох урилгыг дуртай авсан. Энэ хүнтэй бид хамтарч ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Тоглолтод Итали дуу олон дуулагдсан. Тэр хүнээс авах зөвлөгөө маш их байсан. Мөн тоглолтод театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид болон “Moon dance” хамтлаг оролцсон. Тоглолтод нийт 19 уран бүтээл орсон. Үүнд Испани 10, Итали 7, Англи 3 дуу багтсан байгаа. Ингээд олон улсын театрын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна.


Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 18.00 цагаас "Consonance-CROSSOVER" тоглолт дахин тоглогдоно.

"Consonance-CROSSOVER" тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн төгөлдөр хуурч Ц.Байдраг, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна. Мөн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг болон театрын бусад уран бүтээлчид оролцож байна.

Тоглолтын тасалбарын хувьд 30.000, 40.000, 50.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТеатрын касс болон www.ticket.mn сайт, 1900-1188 утсаар үнэгүй хүргүүлж авах боломжтой аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж