Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа

“Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай эрэгтэй боксчид тулаанаа эхлүүллээ. Энэ өдөр эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар Тайваний боксчин Чун Хейн Жанг, 64 кг-д Б.Чинзориг Тонга улсын тамирчин Т.Файнезиг тус тус 3:0-оор хожин хоёрдугаар тойрогт үлдлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэй 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ Непалийн Сарасвати Ранаг 3:0-оор хожин дараагийн тойрогт БНСУ-ын О Ён Житай тулалдахаар оноолт таарсан.

Ийнхүү эхний өдрүүдэд манай гурван боксчин өрсөлдөгчөө хожин дараагийн тойрогт үлдээд байна.

"РИО-2016" зуны олимпийн XXXI наадмын Ази номхон далайн бүсийн олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10 жин, эмэгтэй 3 жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай тамирчдаас энэ сарын эхэнд Германы "Химийн цом"-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтсан.

Баг тамирчид:

Эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпийн эрх олгох бол эмэгтэй тамирчид финалдсан тохиолдолд Риог зорих эрхээ авна. Өөрөөр хэлбэл энэхүү тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм.

Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж