Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башё өчигдөр (2021.01.10) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн хацү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар бэртэл гэмтэл, Covid-19-ийн улмаас барилдах боломжгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Такакэйшо, барууныг озэки Шодай нар манлайлах болсон.
Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар сүүлийн дөрвөн башё дараалан бэртлийн улмаас бүтэн барилдаж чадсангүй.
Зүүнийг манлайлж буй озэки Такакэйшо эхний өдөр комүсүби Митакэүмитэй тааран барилдсан ч өвдөг шороодлоо. Харин барууныг манлайлж буй озэки Шодай маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Хокүтофүжиг давсан бол залуухан озэки Асанояама Дайэйшод унажээ.
Нийт 65 бөх Covid-19-ийн халдварын улмаас энэ удаагийн башёг өнжихөөр болсон.
Озэки цолоо эргэн авах хүсэлтэй сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр маэгаширагийн гуравт эрэмбэтэй Котошохог, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 12-т эрэмбэтэй Тэрүцүёошиг тус тус давж, башёг эрчтэй эхлүүллээ.
Маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил Точиношинд, маэгаширагийн наймд эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэн Токүшорюүд, маэгаширагийн 14-т эрэмбэтэй Хошорюү С.Бямбасүрэн Ютакаяамад тус тус өвдөг шороодож, нэг унаатай башёг эхлүүллээ.
Холбоотой мэдээ