IV ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ ДУУСЧ, 10 АЙМГИЙГ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХААР БОЛЛОО
IV цахилгаан станцын өргөтгөлийн нээлт өнөөдөр (2021.01.11) болж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр “ДЦС IV” станцын турбингенератор №2, 3, 4-ийг тус бүр 23 мегаваттаар, турбингенератор №1-ийг 20 мегаваттаар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил дуусч, Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар оролцлоо.
Ерөнхий сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн суурь салбар юм. Засгийн газар эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Улс орон дотооддоо эрчим хүчээ хангах ёстой. Нефть шатахуунаар мөн эх орноо хангах ёстой. IV цахилгаан станцын өргөтгөл дуусч, хүчин чадлыг 10-89 мегаваттаар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил албан ёсоор дуусч байна.
Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг 4-р цахилгаан станц хангадаг. IV цахилгаан станцыг 89 МВт-аар өргөтгөснөөр 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчний нөөц боломж бүрдэж байна. Өргөтгөлийг богино хугацаанд, амжилттай зохион байгуулсан IV ДЦС-ын удирдлага, хамт олон, ОХУ-ын Уралын турбины заводын хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ард түмэн маань өвлийг өнөтэй давах боломж бүрдлээ” гэлээ.
Дээрх өргөтгөлийн ажлыг ОХУ-ын Уралын турбины завод, дулааны IV цахилгаан станцын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд богино хугацаанд хийж хэрэгжүүлэв.
Өргөтгөлийн ажил хийгдсэнээр дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 89 мегаватт буюу нэмж 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, 75 Гкал/цаг буюу 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчний нөөц боломж бүрдэж байгаа юм.
Дулааны IV цахилгаан станц ТӨҮК нь 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд найман зуух, долоон турбингенератортой суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 683 мегаватт дулаанаар 1554 гегалкалор/цаг бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг хангадаг.
4-р цахилгаан станцын өргөтгөлийн нээлт болж байна
4-р цахилгаан станцын хүчин чадлыг 89 МВт аар нэмэгдүүлж ОХУ-аас авдаг импортыг хоёр дахин буурууллаа.
Posted by Монгол Улсын Засгийн газар on Sunday, January 10, 2021
Холбоотой мэдээ