МАН-д "зориулсан" Ерөнхийлөгчийн ээлжит тоглолт

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

МАН-д "зориулсан" Ерөнхийлөгчийн ээлжит тоглолт

МАН-д "зориулсан" Ерөнхийлөгчийн ээлжит тоглолт

Цар тахлаас үүдэж, эдийн засаг хүндхэн байдалтай байгаа учраас Монгол Улсын өрх бүрт нэг сая төгрөг тараахыг УИХ, Засгийн газраас Ерөнхийлөгч хүссэн. Ингэхдээ тэр оны өмнө 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс авахаар, үлдсэн мөнгийг нь бэлнээр тараах санал гаргаж байв. Эрх баригчдын зүгээс өрх бүрт нэг сая төгрөг тараах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан учраас Ерөнхийлөгч өөрөө хууль санаачлан, оффшор данснаас орж ирсэн мөнгийг өрх бүрт тараах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Сангийн сайд Улсын дансанд оффшор бүсээс нэг ч төгрөг орж ирээгүй, орж ирэх боломж ч байхгүй гэдгийг сануулаад буй. Тэрбээр “Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгээ Ерөнхийлөгч сая телевизээр ярилцлага өгөхдөө батлаад хэлчихлээ. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар хоёр дахин унасан гашуун туршлагаа монголчууд мартаагүй, мартах ч үгүй. Байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ” гэсэн тайлбар өгсөн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирэн, өрх бүрт тараах хуулийн төслийнхөө үндэслэлийг өчигдөр МҮОНРТ-ийн захиралтай ярилцаж хүргэсэн.

Гэхдээ түүний хэлж буйгаар оффшор данснаас одоогоор мөнгө орж ирээгүй, удахгүй оруулж ирнэ, харин тэр мөнгийг өрх бүрт дэмжлэг болгож тараах ёстой хэмээн бүдэгхэн тайлбар өгөв.

Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсан хуульд “Өрх бүрт олгох нэг сая төгрөгийн санхүүжилтийг хуулийн байгууллагын шалгалт, холбогдох бусад арга хэмжээний хүрээнд оффшор бүсээс татагдан улсын орлогод шилжсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэсүгэй” хэмээн тодотгосон. Олон нийтийн зүгээс оффшор данснаас тодорхой мөнгө улсын дансанд орж ирсэн байна гэх хүлээлттэй байсан бол Ерөнхийлөгчийн ярилцлагаас үзвэл ийм мөнгө орж ирээгүй, ирэх мөнгийг нь яаж зарцуулж, тараахыг нь би хуульчилсан гэсэн санааг илэрхийлсэн.

Үнэндээ Монгол Улсын дансанд оффшор бүсээс мөнгө орж ирлээ гэхэд хуулийн байгууллагаас шалгана, тэр мөнгө нь үнэхээр хууль зөрчсөн эсэх, түүнийг эцэслэсний дараа мөнгө тараах эсэх асуудал яригдана. Харин Ерөнхийлөгч “байхгүй”, “орж ирээгүй” мөнгийг тараана гэж хуулийн төсөл хүртэл боловсруулсан нь түүний ээлжит улс төр гэж харах хүмүүс байна.

Үүнийг тодотгож, Сангийн сайдын Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн одоогоор оффшор бүсээс Монгол Улсын дансанд мөнгө орж ирээгүй, харин Монголбанкаар дамжуулан мөнгө хэвлэж, тараах гэж байгаа бол энэ буруу гэж шүүмжлээд байгаа. Магадгүй цар тахалтай ийм цаг үед иргэдэд бодит орлого болох мөнгө тараах нь зөв үйлдэл байж болох ч бэлэн мөнгө тараах нь эдийн засагт эсрэгээрээ нөлөөлж болзошгүйг эдийн засагчид хэлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгодсоноосоо хойш оффшор бүс дэх авлигын мөнгийг улсдаа оруулж ирэх ёстой гэсэн санааг илэрхийлсээр ирсэн. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүний ярьсан хэлсэн ажил хэрэг болсон нь үгүй, Ерөнхийлөгчийнх нь үлдсэн таван сарын бүрэн эрхийн хугацаанд ч оруулж ирнэ гэдэг итгэхэд хэцүү зүйл. Хууль эрх зүйн хувьд ч энэ боломжгүй зүйл. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа хэдэн улстөрчдийг оффшор бүсэд данстай, тэд бол “мангас” мэтээр өнгөрсөн дөрвөн жил ард түмний тархийг “угаасан” учраас үнэхээр оффшор бүсээс мөнгө оруулж ирэх боломжтой, боломжгүй гэдэг асуултад хариулт өгсөн үйлдэл өнөөдөр ч алга. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдэл болоогүй энэ зүйлс таван сарын хугацаанд амьдрал дээр хэрэгжинэ гэдэг юу л бол.

Гэхдээ Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьчихсан. Тиймээс эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхээс өөр аргагүй. Харин хэлэлцэхдээ хуулийн төслийг дэмжих үү, эсвэл гэдэг асуулттай тулгарч буй. Хэрэв УИХ энэ төслийг дэмжихгүй гэвэл оффшорчид, авлигачдыг хамгаалсан болно.

Учир нь оффшортой холбогддог МАН-ын нэг гишүүн нь өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь дэмжвэл өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Оффшор бүсэд данстай гэх асуудалд тус намын ч, Ардчилсан намын улстөрчид ч холбогдож байсан гэдгийг сануулъя. Ерөнхийлөгч АТГ-т энэ асуудлыг шалга хэмээж, АТГ шалгаж байгаа гэхээс өөрөөр бодит тайлбар өгөөгүй өнөөдөртэй золгож буй.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг эрх баригчид дэмжлээ гэхэд амьдрал дээр бодит хөрсөнд бууна гэдэг хэцүү. Тиймээс оффшороос мөнгө оруулж ирэх, иргэдэд тараах, орж ирсэн мөнгө байхгүй учир Ч.Хүрэлбаатар сайдын хэлснээр Монголбанкийг “шахаж” бэлэн мөнгө хэвлэх гэсэн Ерөнхийлөгчийн санаа гээд энэ олон зүйлс зөвхөн таван сарын дараах Ерөнхийлөгчийн сонгуулийн “тоглолт” уу гээд олон асуулт, хариултгүй үлдэж байна. Энэ бүх улс төр хэний талд гарахаас олон зүйл шалтгаална, тиймээс оффшор хэмээх улс төр хэр хол явах вэ гэдгийг ирэх өдрүүдэд өрнөх улс төр харуулах болов уу.

Ерөнхийлөгч эрх баригчдад “сонголттой” тактикаа танилцууллаа. Эрх баригчид оффшорчдыг хамгаалаад, Ерөнхийлөгчийн хуулийг буцаах уу, эсвэл хүлээж аваад оффшор данснаас Монгол Улсынхаа дансанд мөнгө оруулж ирэхийг дэмжих үү. Үүнээс цааш ямар улс төр өрнөх вэ гэдэг анхаарлын төвд байсаар байх болно. Харин тэд хариу тоглолтоо хэрхэн хийхээс олон зүйл шалтгаална. Сангийн сайд зүгээр ч нэг "Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараавал 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана гэж хэлээгүй л болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж