Америкийн иргэн тагнуул хийснээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

Америкийн иргэн тагнуул хийснээ хүлээв

Умард Солонгост тагнуул хийсэн хэргээр баривчлагдаад буй АНУ-ын иргэн тагнуул хийснээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна. Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө Америкийн нэгэн жуулчин Умард Солонгост тагнуул хийсэн хэргээр баривчлагдаж, хүнд  хөдөлмөр хийх ялаар шийтгэгдсэн юм.

 

Тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан Ким Тон Чол гэгч Пхеньяны телевизээр хийсэн хэргийнхээ төлөө Умард Солонгосын удирдагч болон ард иргэдээс уучлал гуйсан байна. Тэрбээр мөн Умард Солонгосын удирдагч болон цэргийн удирдлагуудын талаар нууц мэдээлэл олж авч, иргэдийн дунд шашны суртал ухуулга явуулснаа хүлээн зөвшөөрчээ.

 

Ким Тон Чол гэгч нь БНСУ-д төрсөн боловч АНУ-ын иргэншилтэй болсон юм байна.  Ким Хятад-Умард Солонгосын хилийн ойролцоох хотод худалдаа, зочид буудлын үйлчилгээний компанийн захирал болж очихоос өмнө АНУ-д амьдарч байжээ.

 

БНСУ-ын Тагнуулын газар тагнуулын хэргээр Умард Солонгост баривчлагдсан Кимийг тагнуулын байгууллагатай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн боловч өөр мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

Энэ сарын 16-нд Умард Солонгосын шүүх Виржиниагийн их сургуулийн оюутныг хананд наасан суртал ухуулгын хуудас хулгайлсан хэргээр шоронд хорих ял оноосон.  Энэ хэргийн төлөө АНУ Умард Солонгосыг буруутгаж, Америкийн иргэдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна гэж шүүмжилсэн билээ.

 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж