“Ролинг Стоунс” Гаванад үнэгүй тоглов

Хуучирсан мэдээ: 2016.03.26-нд нийтлэгдсэн

“Ролинг Стоунс” Гаванад үнэгүй тоглов

Рок домог гэгддэг “Ролинг Стоунс” хамтлаг Кубын Гавана хотод мартагдашгүй тоглолт хийжээ. Хамтлагийн дуучин Мик Жаггер испани хэлээр "Сайн уу, Гавана, Кубын ард иргэдээ” хэмээн мэндэлж, алдартай хит classic "Jumpin' Jack Flash" дуугаа дуулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  Кубад айлчилснаас хойш хоёр хоногийн дараа “Ролинг Стоунс” хамтлаг Гавана хотод үнэгүй тоглолт хийсэн байна.

"Ийм тоглолтын дараа би үхсэн ч харамсахгүй” хэмээн рокийн шүтэн бишрэгч үзэгч ярьжээ. 

Хүйтэн дайн эхлэхэд жаахан хүүхэд байсан тэр хүн дуртай “Битлз”, “Ролинг Стоунс”-ын цомгоо нууцаар сонсдог байсан тухайгаа дурсчээ. Шөнөжин үргэлжилсэн “Ролинг Стоунс”-ын тоглолтыг олон мянган хүн үзсэнээс гадна тоглолтод зориулж тайз зассан “Sports City” цогцолборын  гадна олон хүн хоносон аж.

“Ролинг Стоунс” хамтлагийнхан Хосе Мартигийн нисэх буудалд буухдаа сурвалжлагч нарын асуултанд “Өнгөрсөн жилүүдэд ямар нэгэн зүйл болсон байх. Гэвч цаг хугацаа бүхнийг өөрчилдөг. Бид одоо энд, та бүхэнд тоглолтоо үзүүлэхээр ирсэндээ туйлын баяртай байна” гэжээ.

“Ролинг Стоунс” гишүүд, гэр бүлийнхэн болон техникийн 60 гаруй ажилчдын нүсэр бүрэлдэхүүн 1300 кг хөгжим хэрэгсэлтэйгээ хувийн онгоцоор Гаванад буусан аж.

Гавана дахь тоглолт нь Бразил, Уругвай, Чили, Аргентин, Мексик зэрэг Латин Америкийн орнуудаар хийх аялан тоглолтынх нь сүүлчийнх ажээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж