Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Их Британи, Өмнөд Африкт тархаж байгаагаас өөр, Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл илэрсэн тухай мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ сарын 2-ны өдөр Бразил-Японы нислэгээр ирсэн дөрвөн хүнээс тус шинэ төрлийн халдвар илэрсэн байна. Мутацид орсон вирус илүү аюултайг тус хүрээлэнгээс мэдээлжээ. Японы эрдэмтэд “Вирусийн эсрэг вакцины үр дүнгийн түвшинг үнэлэхэд хүндрэл учирч байна” хэмээн мэдэгдсэн байна.
Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн Такажи Вакиту "Covid-19-ийн мутацид орсон шинэ төрөл нь Их Британи, Өмнөд Африкт тогтоогдсон мутацитай ижил төстэй" гэж ярьсныг Kyodo агентлаг уламжилжээ.
Одоогийн байдлаар, шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн нэг болох 40 настай эрэгтэй амьсгалын асуудлаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол халдвар авсан эмэгтэй хоолой, толгой өвдөх шинж тэмдэгтэй байгаа аж. Мөн нэг хүүхэд өндөр халуурч, дөрөв дэх өвчтөний биед тавгүйрхэх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
Их Британид анх 2020 оны есдүгээр сард Covid-19-ийн мутацид орсон шинэ төрлийг илрүүлж, улмаар хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: RBC
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ