Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Eurasia Group” дэлхий дахинаа 2021 онд учрах 10 гол эрсдэлийг нэрлэжээ. Шинжээчид ирэх онд улс төр, олон улсын байдал, аж үйлдвэрлэл, бодлого, технологи, эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал хэрхэн эргэхийг олон талын тооцооллоор таамаг болгон дэвшүүлж байна. Энэ нь хүмүүсийг айлгах эмээлгэх бус, харин төлөв байдлыг урьдчилан тооцоолж, аливаад бэлтгэлтэй байх, энэ дундаас үүсч болох боломжуудыг олж харахад нь туслах зорилготойг тайлбарлажээ.
Жо Байдены засаглал ба Америкийн хуваагдал
Жагсаалтын нэгдүгээрт “Америкчуудын хуваагдал”-ыг нэрлэсэн байна. Америкчуудын тал орчим хувь нь шинэ Ерөнхийлөгчөө хууль бус гэж үзэх үе ирнэ гэж шинжээчид үзэж байгаа ба одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь үүний эхлэл байна гэжээ. Хэдий Жо Байден олон улсын хэмжээнд АНУ-ын нэр хүндийг сэргээхийг оролдох ч хэт туйлшрал, дотоодын хямралаа зохицуулж чадахгүй байдал нь түүнийг унагах магадлалтай гэж үзсэн байна.
Covid-19 цар тахлын удаан хугацааны нөлөө
Харин жагсаалтын хоёрдугаарт covid-19 цар тахлын байнгын нөлөөг нэрлэсэн байна. Цар тахал дуусахгүй цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа нь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төрийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт аюул учруулна гэж үзэж байна. Цаашлаад вакцины хуваарилалт хүчтэй, хүчгүйн ялгааг улам томруулж, улс орнуудад эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн цар тахлын улмаас дэлхийн ихэнх хүн ам хямралд орж, өрийн дарамтнаас болж итгэл найдвараа алдан цөхрөх магадлалтай аж.
Уур амьсгалын өөрчлөлт
2021 онд үүсэх өөр нэг томоохон эрсдэл бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд өрнүүлж буй олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөн болж хувирах эрсдэлтэй байгаа ажээ. Ногоон эдийн засгийн бодлого баримтлагч Жо Байден АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэнээр дэлхийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлнэ. Гэхдээ энэ бол маш урт хугацааны, өртөг өндөртэй өрсөлдөөн байх болно. Европ уурс амьсгалын өөрчлөлтийн эсрэг гол тоглогч хэвээр байх бөгөөд Хятад, АНУ, ОХУ зэрэг нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулагч орнуудад өндөр татвар ногдуулна.
Хятад- Америкийн сөргөлдөөн
АНУ, БНХАУ-ын хоорондох сөргөлдөөн өсөж болзошгүй нь дөрөв дэх эрсдэлд тооцогджээ. Цар тахлын эсрэг вакцины төлөөх өрсөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, технологи зэрэг салбар дахь өрсөлдөөнөөс гадна худалдааны дайн гэх мэт бусад салбарт өрнөж байгаа сөргөлдөөн нь үргэлжилсээр байх аж. Хоёр улсын харилцаа, мөн Тайванийн асуудлаас болж улам хөндийрч, дайсагналцал нь нэмэгдэнэ гэж шинжээчид дүгнэжээ.
Дэлхий дахины цахим аюулгүй байдал ба мэдээллийн дайн
Дижитал, кибер аюулгүй байлын асуудал 2021 онд ихээхэн эрсдэл дагуулахыг “Eurasia Group”-ын тайланд дурджээ. Олон орныг хамарсан цахим халдлага, кибер довтолгооноос улбаалан компани, төрийн болон хувийн байгууллага, хувь хүний нууцлал алдагдах зэрэг нь технологи, геополитикийн үнэлж баршгүй эрсдэл болно гэжээ. Дипломат харилцааны дутагдал, технологийн хэт хөгжил нь ийм эрсдэл бий болгоно гэж таамаглаж байна. Улс хоорондын нууц мэдээлэл солилцох шугам эрсдэлд орж, АНУ-ын технологийн аварга компаниудын эсрэг халдлага нэмэгдэнэ.
Газрын тосны үнийн уналт
Ойрхи Дорнод ба Хойд Африкийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд 2020 оныг хүндхэн өнгөрүүлсэн ч 2021 онд илүү хэцүү цаг үеийг туулах бололтой. Дэлхийн эрчим хүчний эрэлт уналтад орсноор тус бүс нутгийн улсууд цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралаас өндийхөд бэрх болно. Ялангуяа улсын төсвийнхөө 90 хувийг газрын тосны салбараас бүрдүүлдэг Ирак улсын байдал бүр ч хүндэрнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн улс төрийн шилжилтийн эмзэг үе дээрээ явж буй Алжир улсад эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл өндөр байна.
Меркелийн дараах Европ
Олон улсын амьдралд таатай бус нөлөөлж мэдэх өөр нэг үйл явдал бол ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ жил албан тушаалаасаа буух болсон явдал юм. Түүний чадварлаг удирдлагын ачаар Европ өнөөдөр өдий зэрэгтэй бутарчихгүй байгаа гэж шинжээчид дүгнэсэн байна. Харин Меркель индрээс бууснаар дотоод хуваагдал даамжирч, Польш, Унгарын хоорондын маргаан улам ширүүсч, Франц, Германы эв нэгдэл эрсдэлд орно гэжээ. Түүнчлэн хэсэг хугацаанд ичээндээ байсан популизм Европт эргэн гарч ирнэ гэв.
Латин Америкийн хямрал
Цар тахал болон хэд хэдэн оронд явуулсан сонгуулийн үр нөлөөнөөс шалтгаалж Латин Америкт тохиож буй улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон хямрал болно гэж тооцоолжээ. Энэ жил Аргентин, Мексикт парламентын сонгууль, Эквадор, Перу, Чилид ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд популистууд улс орны толгойд гарах эрсдэл их байгааг сануулжээ. Өсөн нэмэгдэж буй ядуурал, тэгш бус байдал газар авч, ажилгүйдэл гаарах ч эрх баригчдын хариу үйлдэл сул хэвээр байгааг нийгэм нь тэвчихгүй томоохон эсэргүүцэл гарч болзошгүй байгаа аж. Угаас хүндхэн байгаа энэ бүс нутаг цар тахалд хамгийн их хохирох болно гэв.
Турк улсыг донсолгоотой ирээдүй хүлээж байна
Энэ жилийн голлох эрсдэлийн тоонд судлаачид Туркийн эдийн засагт үүссэн асуудлыг багтаажээ. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы байр суурь муудаж, Ойрхи Дорнодын эдийн засаг сулрахад ч хүрч магадгүй аж. Гэхдээ Эрдоган хорин жилийн засаглалд нь сэтгэл дундуур үлдсэн сонгогчдыг буцааж авахын төлөө тэмцэнэ. Тэрбээр үндсэрхэг үзлийг өдөөснөөрөө холбоотнууд нь түүнээс нүүр буруулж эхэлнэ. Нефтийн үнэ буурснаас энэ хавийн орнуудын орлого буурч, хувийн секторын байдал саарч, ажилгүйдлийн түвшин өснө.
АНУ-Ираны харилцаа
Хоёр орны цаашдын харилцаа 2020 оных шиг аюултай түвшинд хүрэхгүй ч сайжрахгүй гэж шинжээчид үзсэн байна. Хоёр тал дипломат харилцаагаа сайжруулах талаар харилцан шийдмэг алхам хийлгүй ерөнхийдөө нэг нэгнээ харзнасан байдалтай байх аж. Иран хориг арга хэмжээнээс ангижрахыг маш их хүсч байгаа боловч эдгээр өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээр хийхээс хойш суусаар байна.
Эх сурвалж: EURO ASIA GROUP
Холбоотой мэдээ