Цар тахлын үед группийг автоматаар сунгая!

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед группийг автоматаар сунгая!

Цар тахлын үед группийг автоматаар сунгая!

Монголд эмнэлгүүд нь Covid-19- ийн голомт болоод буй. Тиймдээ ч онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлгүүдээр үйлчлүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулах болсон.

Гэвч, группээ сунгуулах гэсэн иргэд эмнэлгээр явж, бичиг, баримтаа бүрдүүлэхийг холбогдохо газруудаас нь шаардаж буй аж.  2019 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 16-аас дээш насны 111386 иргэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгожээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 37200 гаруй буюу 33.5 хувь, 74 мянга буюу 66.5 орчим хувийг хөдөө орон нутгийн иргэд эзэлж байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэдийг эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүйгээр бичиг баримт, үзлэг шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн групп сунгалтыг цахимаар шийдэж байгаа агэх тайлбарыг өгсөн. 

Ингэхдээ өмнө нь групп сунгуулах иргэдийг заавал дүүргийн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссоор оруулдаг байсан бол халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан тэдгээр иргэдийг хуралд биечлэн оролцуулахаа больжээ.

Зөвхөн өрхийн эмч нар нь хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн эрүүл мэндийн дэвтэр, тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр, бусад бичиг баримтуудыг бүрдүүлэн дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулж байна. Нөгөө талдаа группт байдаг иргэдийн хувийн мэдээлэл, бүртгэл нь өрх болон харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэгт бий.

Бүхий л мэдээлэл цахимжсан өнөө үед группээ сунгуулах иргэдийг өрхийн эмнэлэгт заавал ир гэж дуудах нь учир дутагдалтай гэдгийг тэдний төлөөлөл хэлж байна. Үүнээс гадна 1-3 жил сунгах ёстой групп сунгалтыг ердөө  1-6 сараар сунгаж байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийнхэн шүүмжилж байсан юм.

2020 оны арваннэгдүгээр сард групп тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэний арванхоёрдугаар сарын халамжийн мөнгө ороогүй, төрөлхийн түнхний мултралтай, мөн шагайн үеэрээ мултралтай хүний групп сунгалтыг ердөө нэг жилээр сунгасан зэргээр иргэд гомдол, шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тавих болсон. 

Э.Төгсбилэг өрх толгойлсон аав бөгөөд 2015 онд хүүтэй болсон ч эмч нарын буруугаас үүдэн хүүгийн тархинд  усжилт, саажилт үүсчээ. Өдгөө хүү нь группт хамрагдаад таван жил болж буй. Тэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг. Дотоодод халдвар тархаагүй байх үед  Э.Төгсбилэг хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт өгөөд, өөрөө цагийн ажил хийн амьжиргаагаа залгуулдаг байжээ. Хүүгийн цэцэрлэг нь 09.00-16.00 цагт тардаг учраас цагийн ажлаас өөр ажил хийх ямар ч боломж байдаггүйг тэрбээр хэлж байсан юм.  

Хөл хорионы улмаас ажилгүй болсон Э.Төгсбилэг хүүгийнхээ  группийн 280.000 төгрөг болон хүүгээ асарсны 120.000 төгрөгөөр өдөр хоногийг аргацааж байна.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ГРУПП СУНГАХ НЬ ЯВДАЛ ЧИРЭГДЭЛ ИХТЭЙ ЮМ

Хүү нь таталтын эсрэг өндөр үнэтэй эмүүд уудаг ч Монголд оруулж ирэхийг Эрүүл мэндийн яамнаас хориглодог гэх. Одоогоор орж ирдэг эмүүд нь үйлчилгээ үзүүлэх нь бага, сүүлийн үеийн хөгжлөөс хол хоцорчээ. Тиймдээ ч БНСУ, Герман, АНУ руу хүүгийнхээ таталтын эсрэг эмийг захидаг аж.

Э.ТӨГСБИЛЭГ: Оны өмнө нь хүүгийнхээ группийг зургаан сараар сунгуулсан. Уг нь хуулийнхаа дагуу 1-3 жил сунгах ёстой байсан юм. Миний хүүтэй адилхан оноштой өөр нэг хүүхдийн сунгалтыг ердөө хоёрхон сараар хийсэн. Арай ч ийм зүйл байж болохгүй байх. Ялангуяа хөл хорионы үед групп сунгах нь явдал чирэгдэл ихтэй юм. Тэргэнцэртэй, хараагүй хүмүүс өвлийн хүйтэнд нааш, цааш явах бас л чанга шүү дээ. Хүүхэд, том хүн гэлтгүй групп сунгалтыг автоматаар ганц удаа сунгаж болдоггүй юм уу л гэж их бодогдсон. Групп сунгуулахын өмнө өрхийн эмч заавал хүүгийнхээ эрүүл мэндийн дэвтрийг авчирч өг гэсэн учраас шаардлагатай бүх материалыг хавсаргаад өгсөн. Өрхийн эмч хүү, бид хоёрыг төлөөлж дүүргийн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын хуралд орсон. Групп сунгалт хийлгэсний дараа өрхийн эмчээс эмчийн гарын үсэгтэй сунгалтын картаа очиж авна.

Өрхийн эмнэлэгт халдвар авахгүй гэсэн баталгаагүй энэ үед хэн ч тийшээ зүглэхийг хүсэхгүй шүү дээ. Өрх толгойлсон аав болохоор хүүгээ ганцааранг нь гэртээ орхиод, гэр ойрхон тулдаа өрхийн эмнэлэг, хорооны халамж руу олон гүйсэн дээ.  

Хүүгийнхээ дэвтрийг аваад, хорооны халамж үйлчилгээний төв рүү очно. Гэтэл хороо нь хөл хориотой гээд ажиллахгүй. Халамжийн мэргэжилтэн нь ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн групп сунгалтын материалыг бүрдүүлээд, дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс рүү явуулж байх жишээний. Групп сунгасан гэх материалыг дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс рүү өгөхийн тулд би иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, комиссын шийдвэрээ канондож, засаг даргад өргөдөл бичиж өгнө. Гэтэл канон хөл хорионы улмаас ажиллахгүй гэсэн гомдлыг хэлсэн юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж