Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Хариуцлага алдсан бөхчүүд допингийн золиос болж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос саяхан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналуудаа олон нийтэд танилцуулж, бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдоос нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ чөлөөтэй хүргүүлж болно гэж мэдэгдсэн.

Үндэсний их баяр наадмын тухай хууль анх 2003 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдаж, үүнээс хойш нийтдээ зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч одоог хүртэл допинг, бөхчүүдийн эрэмбэ, тэгш ойн түрүү, үзүүрийн бөхчүүдэд хэрхэн цол олгох асуудал маргаантай байж ирсэн учир Монголын үндэсний бөхийн холбоо Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадмын өмнө асуудлуудыг цэгцлэхээр хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргажээ.

Бөхийн холбооноос гадна үндэсний сур харвааны холбоо, Морин спорт уяачдын холбоо, Шагайн харвааны холбоо ч хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хүсэлтүүдээ нэгтгэж байна.

Одоогоор үндэсний бөхийн холбооны хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулах санал олны анхаарлыг татаж байна. Жишээлбэл,

  • 6.1. Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга олгох бөгөөд тухайн наадмын сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа цолыг тус тус олгоно.
  • 7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд 512 бөхийн барилдаанд үзүүр түрүүнд 2 ба түүнээс дээш шалгарсан гарьд цолтон 8 давбал улсын арслан;
  • 7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давж үзүүрлэвэл улсын арслан, 10 давж түрүүлбэл хурц чимэгтэй улсын арслан;
  • 14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч олон улсын сэргээшийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна.
  • 14.4 Энэ хуулийн 14.3-т заасан хариуцлагыг хүлээсэн бөх Үндэсний бөхийн барилдааны дүрэмд /Засгийн газраас 2018 оноос эхэлж баталсан/ заасан хариуцлагыг давхар хүлээнэ.

Та үндэсний бөхийн холбооны эдгээр болон бусад Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн саналуудыг энд дарж үзнэ үү.

Дээрх саналуудын 14.3 Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч, олон улсын сэргээшийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна хэмээжээ. Тэгвэл олон улсад сэргээш хэрэглэсэн тамирчдыг хэрхэн шийтгэдэг талаар хүргэе.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд зааснаар хэрэв тэмцээний үеэр болон тэмцээний дараа хувь тамирчны сэргээшийн шинжилгээнээс хориотой бодис илэрвэл тухайн тамирчны медаль, шагнал, оноо зэргийг хүчингүйд тооцдог байна. Үүнээс гадна эхний удаа допингийн шинжилгээнд бүдэрсэн бол тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хоёр жилээр, хоёр дахь удаагаа болон өмнө нь хуурч байсан нь тогтоогдвол бүх насаар нь тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасдаг аж.

Гэхдээ тамирчдад энэ бүгдийг эсэргүүцэж, давж заалдан, шийтгэлийг багасгах, бүрмөсөн хүчингүй болгох эрх нь нээлттэй бий.

Мөн аливаа эмийн найрлагад түгээмэл байдаг сэргээшийн төрлийн бодисыг тамирчин санамсар, болгоомжгүйгээр хэрэглэж, улмаар шинжилгээнээс нь илэрвэл эхний удаад удахгүй зохион байгуулагдах тэмцээн, өмнө нь сануулга, анхааруулга авч байсан зэргээс нь хамаарч нэг жилээр, хоёр дахь удаад хоёр жилээр, гурав дахь удаад бүх насаар нь тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах дүрэмтэй.

Допингийн шинжилгээний бүх дээжийг 10 жилийн турш хадгалж, энэ хугацааны аль ч үед дахин шинжилж, урьд өмнө тодорхойлогдоогүй бодисыг дараа нь илрүүлж , анхны сорилтой холбогдох тэдний үр дүн хүчингүй болж, тамирчинд хориг тавигдаж болно гэж WADA-ийн дүрэмд заажээ.

Тамирчны хувьд эмийн найрлагыг сайтар шалгаж, допингийн шинжилгээ өгөхөөсөө өмнө хэрэглэсэн, тогтмол хэрэглэдэг эм, тарианыхаа талаар багийнхаа эмч болон шинжилгээ авах агентад мэдэгдэх ёстой.

Дасгалжуулагч, туслах, эмч нь тамирчинд допинг хэрэглэхийг ятгасан, зоригжуулсан нь тогтоогдвол бүх насаар нь тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хасна.

Дэлхийн зарим улс орнуудын хоол хүнс, мах, хүнсний нэмэлт тэжээлд WADA-аас хориглосон эмийн жагсаалтад орсон бодис агуулагддаг тул тамирчид анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв хориглосон бодис агуулсан хоол унд идэж уусан тохиолдолд тухайн тамирчныг дүрэм зөрчсөн хэмээн үзнэ. Сүүлийн жишээ гэхэд ирэх зун Токио-2020 олимпод оролцох Японы жүдогийн шигшээ баг Дохагийн дэлхийн мастерст оролцохоор ирэхдээ нутгаасаа уух ус, идэх хоолоо бэлдэж Катарт буужээ. Энэ нь олимп эхлэхээс хэдхэн сарын өмнө хариуцлага алдах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж буй үйлдэл юм.

Дээрх эрх хасах, хариуцлага тооцох заалтуудын бодитой биет жишээ өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын үеэр тохиосон. Тодруулбал, найм даван үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурийн хувьд идэж, уусан зүйлд нь санамсаргүй сэргээшийн төрлийн бодис орсон байх гэж хэлсэн бол зургаа даван шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд удаан хугацаанд өвдөгний бэртэлтэй байсан учир үүндээ эмчилгээ хийлгэхдээ хориотой бодис бие рүүгээ оруулсан байх гэж мэдэгдсэн.

Үүнээс дүгнэвэл Н.Батсуурь аваргын хувьд идэж, уух зүйлийнхээ хариуцлагыг өөрөө үүрэх ёстой бол Р.Пүрэвдагва арслангийн хувьд шинжилгээ өгөхөөсөө өмнө хэрэглэдэг, хэрэглэж байсан эм, тарианыхаа жагсаалтыг гаргаж өгөх ёстой байжээ. Үндэсний бөхийн хоёр аварга, арслангаас гадна Токиогийн олимпийн найдвар гэгдэж байсан МУГТ, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулаад буй П.Орхоноос бас л хоолонд хангалттай хийгээд бүрэн идэхэд илэрдэг станозолол хэмээх бодис илэрсэн тухай түүний багш МУГД Ц.Хосбаяр ярьж байлаа.

Энэ онд зохион байгуулагдах Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар дээрх алдааг олон бөх давтахгүйн тулд хаана хаанаа нямбай, хариуцлагатай байх хэрэгтэй болжээ. Мөн Токио-2020 олимпийн наадамд оролцох Монгол Улсын шигшээ, баг тамирчид ч гэсэн идэж, уух зүйлдээ болон эм тариандаа хяналттай байх шаардлагатай байна. Үүн дээр нь Монголын допингийн эсрэг үндэсний төв ч сайтар хамтарч ажиллаж, суртал ухуулга хийх хэрэгтэй.

WADA-аас жил бүр хориотой эмийн жагсаалтаа шинэчлэн гаргадаг. Энэхүү хориотой эмийн жагсаалтыг улс орон бүрийн олимпын хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвүүд нь баг тамирчдадаа сурталчлан танилцуулах үүрэгтэй.

Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлууд нь төдийлөн нээлттэй бус. Ямартай ч тамирчид, бөхчүүдийн шинжилгээний сорьцыг цуглуулж, БНСУ дахь WADA-ийн магадлан итгэмжлэгдсэн допингийн хяналтын лаборатори руу явуулдаг. Монгол Улсын хувьд Сөүл, Бээжин, Москва, Токио зэрэг хотуудын лаборатори руу шинжилгээний сорьцоо явуулж шинжлүүлж болох ч Монгол Улсын Засгийн Газар Сөүлийн лабораторитай гэрээ байгуулсан.

2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам, Токио-2020 зуны олимпийн XXXII наадам зэрэг томоохон спортын арга хэмжээнүүд бидний өмнө байна. Тиймээс бөхчүүд, шигшээ багийн тамирчид, холбоод нь ч допингийн асуудалд орооцолдохгүйн тулд хууль дүрэм журмаа чангалж, хариуцлагатай байх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж