БАЙР СУУРЬ: II улирлаас танхимаар хичээллэхийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: II улирлаас танхимаар хичээллэхийг дэмжихгүй

БАЙР СУУРЬ: II улирлаас танхимаар хичээллэхийг дэмжихгүй

Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн Баасан гариг (2021.01.08)-т хичээлийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөснийг мэдэгдсэн. Тэрбээр “Дэлхий нийтээр цахим сургалт явж байгаа ч бид боломж гарвал танхимын сургалтаа чухалчлах бодлого барьж байна. Хэрэв өвчний нөхцөл гайгүй бодвол танхимын сургалт руу явуулахаар зорьж байна" гэсэн юм. Мөн түүний хэлснээр нөхцөл байдлыг харгалзан үзээд, бүх шатны боловсролын үйл ажиллагааг  танхимын болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Танхимын сургалтыг хичээлийн хоёрдугаар улирлаас эхлүүлэхээр болж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Энэхүү мэдэгдлийн талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэж байна.


НИЙСЛЭЛД ХИЧЭЭЛИЙН ХОЁРДУГААР УЛИРЛААС ТАНХИМЫН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Covid-19-ийн дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийднэ.

Улаанбаатар хотод өвчлөлийн томоохон голомтууд бүртгэгдсэн энэ үед хичээлийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй. Харин өвчлөл бүртгэгдээгүй, мөн халдварын голомт хумигдаж, ногоон бүс болсон аймаг, орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх боломжтой.

Одоогоор Эрүүл мэндийн яамнаас танхимын сургалттай холбоотой асуудлаар саналаа Улсын онцгой комисст хүргүүлээгүй. Шийдвэр хараахан гараагүй учир бид зөвлөмж өгөх, байр суурь илэрхийлэх боломжгүй.

ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ НЬ МАШ ИХ ЭРСДЭЛ ДАГУУЛНА

Нийслэлийн 44 дүгээр сургуулийн багш Ч.ЭНХЦЭЦЭГ: 

-Шадар сайд Я.Содбаатар хичээлийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөснийг дэмжихгүй байна. Цар тахал томуу өвчний дэгдэлттэй хавсарсан, халдварын эрсдэлтэй үед танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй. Шадар сайдын мэдэгдлийг дэмжихгүй байна. Харин теле хичээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэдийгээр теле хичээлтэй холбоотой зарим хүндрэл бэрхшээл гарч байгаа ч бид нөхцөл байдалдаа дасан зохицож, зайнаас хичээллэхээс өөр аргагүй.

Ялангуяа 1-4 дүгээр анги хүртэлх бага ангийн сурагчид теле хичээлдээ маш идэвхтэй оролцож байна. Тиймээс хүүхдүүд гэрээсээ хичээллэх нь хамгийн аюулгүй. Эцэг, эхчүүд ч бас зайны сургалтыг дэмжиж байна. Бид эцэг, эхчүүдээс танхимын болон теле хичээлийн талаар санал асуулга, судалгаа авахад дийлэнх нь танхимын сургалтыг дэмжихгүй байгаа юм. Хэрэв хичээлийн хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлбэл улсын сургуулийн багш нар, сурагчид эрсдэлд орно.

Би гэхэд хөгжмийн багшаар дөрөвдүгээр ангийн бүлэгт хичээл орно гэхээр дунджаар 500 хүүхэдтэй ажиллаж байгаа юм. Гэтэл нэг ангид 55-60 хүүхэдтэй нөхцөлд ширээ хоорондын зай барих боломжгүй. Муугаар бодход хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй, багш нар ч гэр бүлийнхэндээ халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс энэ жил танхимын сургалтыг эхлүүлэхгүйгээр зуны амралтыг богиносгож, наймдугаар сараас хичээл эхлүүлбэл бид хичээлээ нөхөх боломжтой.

Нийслэлд халдварын томоохон голомтууд бүртгэгдсэн одоогийн нөхцөлд танхимаар хичээллэх боломжгүй. Магадгүй УОК-оос танхимаар хичээллэх чиг үүрэг өглөө гэхэд өнгөрсөн оны хавар ахлах ангийнхны хүүхдүүдэд давтлага өгсөн зарчмаар хичээллэх нь зүйтэй болов уу. Гэхдээ зөвхөн ахлах ангийнхан танхимаар цөөн тоогоор хичээллэж, бага ангийнхан теле хичээлээ үзэх нь зүйтэй.

ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ

Эцэг, эхийн төлөөлөл иргэн Г.НАРАНМАНДАХ:

-УОК-оос танхимын сургалтыг хичээлийн хоёрдугаар сараас эхлүүлэхээр шийдвэрлэвэл эрсдэлтэй ч хүүхдээ хичээлд нь явуулахаас өөр аргагүй. Гэхдээ Шадар сайд Я.Содбаатарын танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэх мэдэгдлийг дэмжихгүй байна. Халдварын энэ хүнд нөхцөлд танхимаар хичээллэх нь эрсдэлтэй учраас гэртээ теле хичээлээ үзэх нь зөв.

Монгол Улс халдварыг дотоодод алдаагүй байхад ч хүүхдүүд цахимаар хичээллэж байсан шүү дээ. Харин өнөөдөр нийслэл халдварын голомт болсон. Ийм эрсдэлтэй нөхцөлд хүүхдээ хичээлд нь явуулсан ч эцэг хүний хувьд сэтгэл тайван байж чадахгүй.

Хэдийгээр дэлхийн улс орнууд covid-19 халдварын нөхцөл байдалтай дасан зохицож амьдрах шаардлага үүссэн ч монголчуудын хувьд халдварын дэгдэлт бууртал хорио цээрийн дэглэмээ чангаруулж, хүүхдүүд гэрээсээ хичээллэх нь аюулгүй болов уу. Хүүхдүүд маань теле хичээлээ ч идэвхтэй үздэг, багш нар нь ч эргэх холбоо сайн байдаг. Тиймээс энэ жилдээ танхимын сургалтыг алгасах хэрэгтэй.

ЭРСДЭЛТЭЙ Ч ХАЛДВАРЫН ДЭГЛЭМЭЭ МӨРДӨЖ ХИЧЭЭЛДЭЭ ЯВМААР БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагч М.ТЭМҮҮЛЭН: 

-Ахлах ангийнхан теле хичээлээ үзээд элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх боломжгүй. Эрсдэлтэй боловч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, өнгөрсөн есдүгээр сард хичээллэж байсан жишгээр танхимаар хичээл орвол үр дүнтэй. Манай анги 27 хүүхэдтэй. Танхимаар хичээллэж байхад нэг ширээнд нэг л хүүхэд суудаг, бид хоёр ээлжээр хичээллэдэг байсан.

Ангийн 27 хүүхэд хоёр хэсэгт хуваагдчихаар нэг ангид их цөөхөн хүүхэд хичээллэдэг, ширээ хоорондын зай барих боломжтой юм билээ. Энэ жишгээр хичээллээд, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдмээр байна.

Теле хичээл бол тэмдэглэл бичих л үүрэгтэй, танхимаар хичээллэхэд багш нараасаа мэдэхгүй зүйлээ асууна, найз нартайгаа уулзна. Танхимын сургалт шинэ хичээлээ эргэж бататгадаг, мэдэхгүй зүйлээ багш, найзуудаасаа асууна гээд их үр дүнтэй. Бас манай ангид теле хичээлээ үзэх боломжгүй, интернэтгүй хүүхдүүд ч бий. Нэг хэсэг нь ухаалаг утасгүй, интернэтгүй байхад зарим нь олон ах, эгч, дүүтэй болохоор зөвхөн зурагтаар хичээлээ үзэх боломжгүй. Бүгдийнх нь хичээл давхацдаг болохоор орхигддог. Багш нартайгаа ч эргэх холбоотой байж чаддаггүй. Тийм болохоор танхимаар хичээллэвэл бүгд л хичээлээ үзэж, ЭЕШ-даа бэлдэнэ. Харин бага, дунд ангийн сурагчид танхимаар хичээллэх нь эрсдэлтэй. Бид нар шиг ахлах анги биш болохоор гэртээ аюулгүй теле хичээлээ үзэх нь тохиромжтой.

ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД ТАНХИМЫН СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ НЬ ТОХИРОМЖГҮЙ

МУБИС-ийн III дамжааны оюутан О.ДАШНЯМ: 

-Бидний хувьд мэдлэг чадвараа дээшлүүлэхэд танхимын сургалт чухал боловч халдварын эрсдэлтэй үед цахимаар хичээллэх нь зөв. Мэдээж танхимд хичээллэхгүй байгаа тул сургалтын төлбөрийг бууруулах, их дээд сургуулийн багш нар оюутнуудаа анхаарч, цахим сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд танхимын сургалтыг эхлүүлэх нь тохиромжгүй. Халдварын дэгдэлт буурсан үед л танхимаар хичээллэх нь зөв.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас “Танхимаар хичээллэх тухай одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нөхцөл байдлыг харж, Засгийн газрын шийдвэрийг дагана” гэсэн тайлбар өгсөн юм. Тус яамнаас мэдээлснээр энэ долоо хоногт танхимын сургалтыг эхлүүлэх эсэх тухай мэдээллийг салбарын яам болон эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж