“News” агентлаг ЭНЭ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛЫН ТҮҮХЭНД өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
1935.01.15 Баргын морьт цэргүүд ба Японы 450 цэрэг Монголын зүүн хилийн Халхын сүм, монгол загасны харуулуудыг эзэлжээ.
1943.01.12 Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгал Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгөв.
1946.01.15 Дотоод Монголын ардын хувьсгалт намын санаачлагаар Гэгээн сүмд Өвөрмонголын Дорнод хэсэг, Баргын ардын төлөөлөгчдийн нэгдсэн хурал хуралдав. 552 төлөөлөгч оролцсон хурлаас Хөлөнбуйр, Нун мөрөн, Жирэм, Зост, Зуу-Уд чуулганыг хамарсан Дорнод Монголын өөртөө засах орон байгуулсныг зарлаж, мөрийн хөтөлбөр баталж байжээ.
1951.01.16 Монголын сэтгүүлчдийн холбооны үндэс суурь болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагдав.
1958.01.15 Налайхын ил уурхайг ашиглалтад оруулав.
1967.01.17 БНМАУ, Танзани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1968.01.11 БНМАУ, Норвегийн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1976.01.14 Улаанбаатар хотод Шинжлэх ухаан, соёлын ордон нээгдэв.
1992.01.13 Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав.
2001.01.14 МИАТ компанийн “JU1025” дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийн Малчин суманд осолдож, зудын гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар явсан есөн хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүд амь үрэгдэв. Нислэгийн багт НҮБ-ын төлөөлөл болох гамшгийн үнэлгээ хийх багийнхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс багтсан байлаа. Тэд Малчин сумаас зүүн урагш 15 км-ын зайд, далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам хэмээх газарт буух гэж байгаад үзэгдэх орчин муу байснаас товлосон цэгээс 60 метр хазайж, газардалт амжилтгүй болсон гэдэг.
2010.01.12 Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болов.
2010.01.14 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр цаазаар авах ялаас татгалзахыг уриалав.
2012.01.17 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай зарлиг гаргав.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ