Доха мастерс: МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

Доха мастерс: МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Доха мастерс: МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

НЭМЭЛТ: 22:10 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эхний өдрийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд эхэллээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын хүрэл медалийн төлөө МУГТ М.Уранцэцэг Францын Мелани Клементтэй тааран барилдаж, иппон үнэлгээгээр яллаа. Ийнхүү М.Уранцэцэг дэлхийн мастерсийн гурав дахь медалиа хүртэж байна. Тэрбээр өмнө нь 2015 оны Мороккогийн дэлхийн мастерст түрүүлж, 2017 оны Санкт-Петебургийн дэлхийн мастерсаас хүрэл медаль хүртэж байсан юм.

Ё.БАСХҮҮ ТОРГУУЛИАР ЯЛАГДАВ

НЭМЭЛТ: 20:30 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хэсгийн сүүлийн барилдаанууд явагдаж дууслаа. Медалийн төлөө өрсөлдөх тамирчид үндсэндээ тодорхой болов.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд зодоглож буй Ё.Басхүү дагах барилдаанаа Оросын Арам Григоряны эсрэг хийж, торгуулиар ялагдлаа. Ийнхүү Арам Григорян хүрэл медалийн төлөө Г.Хэрлэнтэй барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаанууд 22.00 цагаас эхэлнэ.

М.УРАНЦЭЦЭГ, Г.ХЭРЛЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ: 20:00 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хэсгийн сүүлийн барилдаанууд явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд зодоглож буй МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх эхний барилдаанаа Аргентин улсын тамирчин олимп, дэлхийн аварга Пауло Паретагийн эсрэг хийж, ялалт байгууллаа. Одоо тэрбээр хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаан хийх болно.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд зодоглож буй Г.Хэрлэн мөнгөн медалийн төлөө Израил улсын тамирчин Барух Шмайловтой тааран барилдаж, харамсалтай ялагдал хүлээлээ. Ингэснээр Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Харин эрэгтэйчүүдийн -66 кг-ын В хэсгийн аваргын төлөө Ё.Басхүү олимп, дэлхийн алт, мөнгөн медальт Өмнөд Солонгосын Ан Баултай тааран барилдаж, мөн ялагдал хүлээлээ. Гэхдээ Ё.Басхүү дагах барилдаан хийх эрхтэй.

М.УРАНЦЭЦЭГ ЯЛАГДАЖ, Ё.БАСХҮҮ АН БАУЛТАЙ УЧРАА ТААРАВ

НЭМЭЛТ: 19:00 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хоёр болон гуравдугаар тойргийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд зодоглож буй Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Казакстаны Елдос Жумакановтой тааран барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Ё.Басхүү Өмнөд Солонгосын олимп, дэлхийн алт мөнгөн медальт Ан Баултай В хэсгийн аваргын төлөө барилдахаар болж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын С хэсгийн аваргын төлөө МУГТ М.Уранцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дариа Билодидтой учраа таарч, иппон үнэлгээгээр ялагдлаа. Гэхдээ М.Уранцэцэгт дагах барилдаан хийх эрх бий.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын гуравдугаар тойрогт Л.Өнөболд Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой тааран барилдаж, иппон үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Хорлоодой хоёрдугаар тойрогтоо Унгарын Река Папптай барилдаж, иппон үнэлгээгээр ялагдлаа. Ийнхүү Б.Хорлоодой Дохагийн дэлхийн мастерсийг өндөрлүүлж байна.

МУГТ Д.СУМЪЯА ТОРГУУЛИАР ЯЛАГДЛАА

НЭМЭЛТ: 18:15 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хоёрдугаар тойргийн барилдаанууд явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж буй МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хоёрдугаар тойрогтоо Израилийн Тимна Нелсон Левитэй учраа таарч, торгуулиар ялагдлаа.

Г.ХЭРЛЭН ЭЭЛЖИТ ЯЛАЛТАА АВЛАА

НЭМЭЛТ: 18:00 ЦАГ

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд эхний тойрогтоо гоц мөргөсөн Г.Хэрлэн хоёрдугаар тойрогтоо Германы Себастиан Сейдлтэй тааран барилдаж яллаа. Тэрбээр С хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын Ким Лим Ван болон Казакстаны Ерлан Серикжанов нарын ялсантай нь барилдах болно.

М.УРАНЦЭЦЭГ ДАРИА БИЛОДИДТОЙ УЧРАА ТААРАВ

НЭМЭЛТ: 17:40 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хоёрдугаар тойргийн барилдаанууд явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг хоёрдугаар тойрогтоо гоц мөргөлөө. Учир нь түүний өрсөлдөгч Оросын Ирина Долгова нэгдүгээр тойрогт шагайндаа бэртэл аван, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. М.Уранцэцэг одоогоор хоёр дараалан гоц мөргөөд байгаа бөгөөд тэрбээр С хэсгийн аваргын төлөө дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дариа Билодидтой барилдана.

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд эхний тойрогтоо гоц мөргөсөн Д.Амартүвшин хоёрдугаар тойрогтоо Испанийн Франциско Гаррикостой тааран барилдсан ч иппон үнэлгээгээр ялагдлаа.

Л.ӨНӨБОЛД ЭЭЛЖИТ ЯЛАЛТАА АВЛАА

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хоёрдугаар тойргийн барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Л.Өнөболд хоёрдугаар тойрогтоо Америкийн Адонис Диазтай барилдаж, иппон үнэлгээгээр яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой барилдах болно.

Г.НАРАНЦЭЦЭГ ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЭВ

НЭМЭЛТ: 17:15 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг жингийн хоёрдугаар тойргийн барилдаанууд эхэллээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогтоо Португаль улсын тамирчин Катарина Костатай барилдаж, харамсалтай ялагдал хүлээлээ. Удахгүй МУГТ М.Уранцэцэг Оросын Ирина Долговатай барилдах болно.

МУГТ Д.СУМЪЯА ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -52 кг, -57  кг жингийн барилдаанууд явагдаж байна.

Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн барилдаж буй МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эхний тойрогтоо Румыны Лоредана Охайг иппон үнэлгээгээр ялж, дараагийн шатанд шалгарлаа. Түүнийг хоёрдугаар тойрогт Израилийн Тимна Нелсон Леви хүлээж байна.

Удахгүй эрэгтэйчүүдийн -60 кг жингийн хоёрдугаар тойрог эхлэх бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөсөн Л.Өнөболд Америкийн Адонис Диазтай барилдана.

Б.ХОРЛООДОЙ ЯЛЖ, Л.СОСОРБАРАМ ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛӨВ

НЭМЭЛТ: 16:30 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд эхэллээ. Зохион байгуулагчдын зүгээс татами бүрийг ариутгаж халдваргүйжүүлж байна.

Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд барилдаж буй Л.Сосорбарам эхний тойрогтоо Бельгийн Карлин Ван Сникт иппон үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн бол тус жинд барилдаж буй Б.Хорлоодой эхний тойрогтоо Израилийн Гефен Примог ялж, дараагийн шатанд шалгарлаа. Б.Хорлоодой дараагийн тойрогтоо Морокко улсын тамирчин Сумияа Ирауи болон Унгар улсын тамирчин Река Папп нарын ялсантай нь барилдана.

Ё.БАСХҮҮ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛАВ

НЭМЭЛТ 15:45 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг болон эрэгтэй -66 кг жингийн барилдаанууд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд барилдаж буй Ё.Басхүү эхний тойрогтоо Африк тивийн аварга Египетийн Мохамед Абделмавгоудыг иппон үнэлгээгээр ялж, дараагийн шатанд шалгарлаа. Тэрбээр дараагийн тойрогтоо ОХУ-ын Якуб Шамилов болон Казакстаны Елдос Жумаконов нарын ялсантай нь хүч үзнэ.

Г.НАРАНЦЭЦЭГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

НЭМЭЛТ 15:05 ЦАГ

Дохагийн дэлхийн мастерсийн эмэгтэй -48 кг болон эрэгтэй -66 кг жингийн барилдаанууд эхэллээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг жингийн барилдаж буй Г.Наранцэцэг эхний тойрогтоо Өмнөд Африкийн Геронай Уайтбойг ялж, дараагийн шатанд шалгарлаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Португаль улсын тамирчин Катарина Костатай барилдана.

Та бүхэн ЭНД дарж Дохагийн дэлхийн мастерсийн шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ БӨХЧҮҮД ӨНӨӨДӨР БАРИЛДАНА

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны тэмцээн Дохагийн дэлхийн мастерс өнөөдөр (2021.01.11) эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг зэрэг жингийн барилдаанууд явагдах юм.

Монгол Улсаас эхний өдөр буюу өнөөдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар зодоглоно.

Тамирчдын хувьд Катар улсад очсоноосоо хойш хоёр удаа Covid-19-ийн шинжилгээнд хамрагдаад байна.

Эхний өдрийн сугалаа, оноолт:

Эмэгтэй -48 кг

  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо Өмнөд Африкийн Геронай Уайтбойтой
  • МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн

Эмэгтэй -52 кг

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо Израилийн Гефен Примотой
  • Л.Сосорбарам эхний тойрогтоо Бельгийн Карлин Ван Сниктэй

Эмэгтэй -57 кг

  • МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Румыны Лоредана Охайтай

Эрэгтэй -60 кг

  • Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Франциско Гаррикостой
  • Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Америкийн Адонис Диазтай

Эрэгтэй -66 кг

  • Ё.Басхүү эхний тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгоудтай
  • Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж