“Чанартай уран бүтээл хийх театртай байх чухал”

Хуучирсан мэдээ: 2021.01.11-нд нийтлэгдсэн

“Чанартай уран бүтээл хийх театртай байх чухал”

“Чанартай уран бүтээл хийх театртай байх чухал”

Соёлын сайд С.Чулуун 2021 он бүтээн байгуулалтын жил байх болно гэж онцолж буй. Шинэ яамны томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хүүхдийн номын сан болон Хүүхэлдэйн театрын шинэ цогцолбор юм. Ирэх хавар барилгын ажил нь эхлэх энэ бүтээн байгуулалтыг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр барихаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэгтэй ярилцлаа.


Та Хүүхэлдэйн теартын захирлаар томилогдоод хоёр жил болж байна. Өмнө нь тус театрыг  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  "Болор цом"-ын эзэн Ц.Хулан гээд зохиолч, яруу найрагчид удирдаж явсан. Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

Хүүхэлдэйн театрын захирлаар 2018 оны зургадугаар сарын 20-нд томилогдоод, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би Соёл урлагийн их сургуулийг урлагийн менежер мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Соёл урлагийн салбартаа 23 жил ажиллаж байна. Аав маань урлагийн хүн байсан, нөхөр маань бас урлагийн хүн. Ажлын гараагаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас эхэлж байлаа.

-Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед Хүүхэлдэйн театрынхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Цар тахлын улмаас хэдийгээр хатуу хөл хориотой байгаа ч бид мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохих дүрэм журмын хүрээнд цахим болон телевизээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулсаар байна. "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, МҮОНРТ-тэй хамтран "Бүлтээхэй, Дэлдээхэй 2" цуврал 23 ангит нэвтрүүлэг, цар тахлын үед хэрхэн гараа зөв угаах, эрүүл мэнддээ хэрхэн зөв хандах тухай хүүхэлдэйгээр бүтээсэн есөн цуврал аж байдлын үлгэрийг телевиз үзэгч хүүхэд багачуудад хүргэн ажиллаж байна.

Мөн хүүхэд хамгаалал, боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр 20 цуврал фото контент бэлтгэн, өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж, давхардсан тоогоор 30 мянган хүн үзсэн.

Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг гаргажээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы овоон дээр баригдах цогцолборын бүтээн байгуулалт ирэх хавар эхлэх юм байна. Театрын шинэ цогцолбор байгуулах газартайгаа танилцсан уу?

-Тийм ээ. Шинэ цогцолбор байгуулах газартайгаа танилцсан. Энэхүү газар маань хотын төвд байрлалтай хүүхэд багачууд, эцэг эхчүүд ирж үйлчилгээ авахад их тохирожтой байрлал гэж үзэж байгаа.

-Хүүхэлдэйн театрын барилга 1959 онд нурах аюултай болсноор өдий хүртэл УДЭТ-ын зүүн талд байрлаж буй. Түрээс төлдөг үү?

-Хүүхэлдэйн театрын одоогийн байр нь улсын өмч учраас түрээс төлдөггүй. Тэртээ 1948 оны тавдугаар сарын 5-ны өдрийн Улсын хөгжимт драматик театрын дарга Самбуугийн 76 тоот тушаалаар “Куколын (хүүхэлдэй) театрын хэсэг байгуулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1948 оны долдугаар сарын 17-ны өдрийн 203-р тогтоолоор “Хүүхэлдэйн театр”-ыг албан ёсоор байгуулсан түүхтэй.

Мөн энэ тогтоолдоо "Ард” кино театрын байшинг Куколийн театрт шилжүүлэн, байрыг нь Хүүхэлдэйн театрын онцлогт тохируулан, тайзыг засварлахдаа зөвхөн кино танхимд кинотой ээлжлэн хүүхэлдэйн жүжиг тоглогдоход зориулагдсан төдий байлаа. “Ард” кино театр нь одоогийн Барилгачдын талбайн өмнөх ягаан байшинд байрладаг байлаа. Мөн 1959 оны аравдугаар сард “Ард” кино театрын барилга нурна гээд, Хүүхэлдэйн театр байргүй болж, Төмрийн заводын клубын байранд нүүн орж, үйл ажиллагаагаа явуулж байв.

Монголын Залуучуудын ордны цэнхэр танхимд 1959 оны сүүлээр нүүн суурьшсан нь одоогийн Улсын драмын эрдмийн театрын зүүн жигүүр юм. Хэдийгээр энэ байр нь театрын зориулалттай биш ч удахгүй өөрийн шинэ байртай болно гэсэн хүслийн дор уран бүтээлч хамт олон, урлагийн хүмүүсийн дэврүүн сэтгэлээр ийнхүү үйл ажиллагаагаа өдийг хүртэл тасралтгүй явуулсаар ирсэн юм.

-Сүүлийн жилүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа үзүүштэй уран бүтээл тавигдсангүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Театрыг зорин ирэх үзэгчдийн тоо буурсан уу?

-Улсын хүүхэлдэйн театр маань жилд 2-3 уран бүтээл шинээр тавьж, жилд 20-30 уран бүтээлийг үзэгч хүүхэд багачууддаа хүргэдэг. Тус театр нь нэг удаа уран бүтээлээ хүргэхдээ өөрийн байранд 150 хүртэл хүнд үйлчилдэг ба жилдээ 18 мянга орчим хүүхдэд үйлчилж байна. Энэ нь Улаанбаатар хотод амьдарч буй нийт хүүхдийн 3.4 хувь, улсын хэмжээнд 1.43 хувьд үйлчилж байна гэсэн үг. Манай театрын үзэгчийн тоо буураагүй. Харин ч байнгын үзэгчдийн тоо маань өсч байгаа. Энэ нь бид долоо хоног бүрийн хагас, бүтэн сайны амралтын өдрүүдэд өдөрт гурван удаагийн давтамжтайгаар сард найман уран бүтээл хүргэдэг нь байнгын үзэгчийн тоог нэмэх гол үндэс болж байгаа юм.

Шүүмжлэх гэдэг асуудал дээр нэг зүйл байна л даа. Мэдээж иргэдэд хүрч үйлчлэхэд байр маш том асуудал болж байгаа. Нөгөөтэйгүүр сүүлийн 20 гаруй жил эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулж театрын уран бүтээлийг хамтдаа үзэх нь маш ховор болсон.

Гагцхүү цэцэрлэг, сургуулийн нэгдсэн зохион байгуулалтаар л үзүүлдэг. Нэг талаараа өөрсдөө үзэж хараагүй бусдын дам ярианаас үүдэлтэй шүүмжлэлүүд их гардаг. Энэ тухай сүүлийн 3-4 жилийн хугацаанд ирж үйлчлүүлж буй иргэд ирж бодит байдалтай танилцсанаар шүүмжлэхээс илүү зөв ойлголт авсан тухайгаа манай хамт олонд илэрхийлсээр байна.

-Үүнд Хүүхэлдэйн театрын барилгын багтаамж, хүчин чадал нөлөөлж байгаа юу?

Уран бүтээлийн чанар, түүнийг үзэгчдэд хүргэхэд мэдээж театрын барилга маш чухал. Театр маань одоогоор 150 хүний суудалтай үзэгчийн танхим, коридор ашиглан хийсэн уран бүтээлчдийн өрөө, подваль ашиглан хийсэн хувцас, жижиг хэрэглэл, хүүхэлдэйн нэг склад, хүүхэлдэй урлалын өрөө, мужаан, зураач, оёдлын нэг өрөө болгон тохижуулсан болон захиргаа, дуу шум, гэрлийн гурван өрөө гээд ердөө багахан зайд үйл ажиллагаа явуулж байгаа нь мэдээж уран бүтээл гарах хугацаа, чанарт маш их нөлөөлдөг.

Театрын үзэгчийн суудал 500-600 орчим байдаг. Хэдийгээр олон хүүхдэд хүрч ажиллахыг зорьдог ч суудлын тоо маань хэтэрхий цөөн, дээр нь уран бүтээлчдэд маш их ачаалал болдог. Бусад театр нэг удаа тоглохдоо 500-600 хүнд үйлчилж байхад манай уран бүтээлчид 2-3 удаа тоглож байж 500-600 хүнд үйлчилдэг жишээтэй.

-Хүүхэлдэйн театрт хэчнээн уран бүтээлч ажилладаг вэ?

-Манайх 11 уран бүтээлчтэйгээр уран бүтээлээ хүүхэд багачуудад хүргэдэг. Манай улсад мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин бэлтгэдэг сургууль огт байхгүй. Голчлон урлагийн сургуулиудыг жүжигчин мэргэжлээр төгссөн залуучуудыг мэргэшүүлэн сургаж, жүжигчнээр авдаг.

Театрын шинэ цогцолбор ашиглалтад орвол боловсон хүчин нэмэх шаардлагатай болох байх?

-Мэдээж шинэ цогцолбортой болохоор боловсон хүчин нэмэх болно. Монгол Улсын захиалгаар ОХУ-ын Санкт Петербургийн Урлагийн академид 10 хүүхэд сургаж төгсгөсөн. Гэвч орон тоогүй гэдэг шалтгаанаар одоог хүртэл авч ажиллуулж чадаагүй л байна.

үүхэлдэйн театрын шинэ цогцолбор хэр хэмжээтэй байгууламж болох вэ? 

Бидний төлөвлөснөөр 600 хүний суудалтай их танхим, 150 хүний суудалтай бага танхим, орчин үеийн техник, технологи бүхий 5D танхим, хүүхдийн энтертайнмент төв, хүүхэлдэйн музейн танхим, хүүхдийн амралт чөлөөт цагийн танхим бүхий дөрвөн давхар цогцолбор байх юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж