Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн хүрээнд БНХАУ-ын үзэсгэлэнт газруудаар аялах боломжийг хүргэхийн тулд товч мэдээллийг хүргэе. Хятадын нийслэл Бээжин хот нь ойролцоогоор 20 гаруй сая хүн амтай. Өөрөөр хэлбэр, Хятадын түүхийн томоохон төлөөлөл гэж ойлгож болно. Ингээд Бээжин хотод аялах бол заавал очиж үзэх ёстой газруудыг танилцуулж байна.
ЦАГААН ХЭРЭМ
Дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг түмэн газрын Цагаан хэрэм бол таны зайлшгүй очих ёстой газрын нэг. Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг тус хэрэм саран дээрээс харагддаг дэлхийн хамгийн урт байгууламж. Бээжин хотын ойролцоо Цагаан хэрэм рүү гарах хэд хэдэн гарц бий. Ойролцоогоор Бээжин хотоос 60-80 км-ийн зайтай.
ТЯНЬАНМЭНИЙ ТАЛБАЙ
Бээжин хотын төв хэсэгт байрлах Тяньаньмэнь талбай юм. Тус талбайн өмнө талд нь Хааны ордны музей, Мао тэргүүлэгчийн дурсгалын танхим, Ардын их хурлын танхим, Үндэсний музей байрладаг. БНХАУ байгуулагдсаны дараа уг талбайг 440 мянган квадрат метр буюу зүүнээс баруун тийшээ 500 метр өргөн, урдаасаа хойшоо 880 метр урт болгон өргөтгөжээ.
ХОРИОТОЙ ХОТ
Хориотой хот буюу хааны ордон нь Хятад улс социалист дэглэмтэй болсноор музей болжээ. Бээжин хотын төвд, Тяньанмэний талбайн эсрэг талд байрладаг. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орны архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм.
ШУВУУНЫ ҮҮР
2008 оны Бээжингийн зуны олимп болон паралимпийн наадамд зориулан бүтээсэн бүтээл билээ. Архитектураа онцгой болгохын тулд уран барилгачид Хятадын керамик үйлдвэрлэлийн уламжлалыг судалж, шувууны үүр мэт загвараар барих санааг олсон гэдэг.
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
Хятадын хамгийн анхны, олон амьтантай зоопарк. Өдгөө хуурай газрын 500 гаруй төрлийн 5000 амьтан, далайн 500 төрлийн 10.000 гаруй амьтантай билээ. Баавгайн уул, Зааны ордон, Панданы ордон, Усан ордон, Анаашны ордон, Догшин араатны ордон гэх мэт олон ордонтой.
УРЛАГИЙН ГУДАМЖ
Урлагийн бүс 798 буюу монголчууд “Урлагийн гудамж” гэж нэрлэдэг энэ газар нийт 600 мянган ам метр талбайг хамардаг. Олон арван уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэсэн байхаас гадна жирийн нэг гудамжийг хэрхэн урлаг болгон тохижуулсаныг та харах боломжтой.
ЛААНЫ ТОСОН МУЗЕЙ
Мадам Тюссогийн музей нь дэлхийд алдартай лааны тосон баримлын музей. Ийм музей дэлхийд 15 байдаг. Бээжингийн Мадам Тюссогийн музей нь Шанхай, Хонконг, музей бий. Бээжингийн жуулчдад зориулсан гудамж болох Чяньмэньд байрладаг.
СУВДАН ТЕАТР
Үндэсний их театр буюу “Сувдан театр” урлагийн ертөнцөд алдартай. Энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Тус театр нь Тяньаньмэний талбайн баруун талд нэг км хүрэхгүй газарт байрладаг, эргэн тойрондоо усаар хүрээлэгдсэн. Шөнөд өнгө өнгөөр гэрэлтэн харагддаг.
ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Хятадын үндэсний музей Тяньанмэний талбайн зүүн хэсэгт байрладаг бөгөөд 1912 оны долдугаар сард байгуулагджээ. 2007 оны гуравдугаар сараас тус музейд өргөтгөл хийж, 2011 онд нээлтээ хийсэн байна. Ингэснээр тус музей 200 мянган ам метр талбайтай болж, урьдынхаасаа дөрөв дахин томорч, дэлхийн хамгийн том талбайтай музей болжээ. Үзэсгэлэнгийн 48 танхимтай тус музейд нэг сая гаруй соёлын өв хадгалагдаж буй аж. Музейг үнэгүй үзэх боломжтой бөгөөд Даваа гаригт амардаг. Өнөөг хүртэл тус музейд айлчилсан хүний тоо 30 саяыг давжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ