НЭМЭЛТ:
МАН-ын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж дууссан байна. Хуралдаанаас намын Их хурлыг 2021 оны гуравдугаар сарын 1-нд товложээ. Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм. Их хурлаар дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байгаа гэнэ.
Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 90 орчим хувь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар оролцлоо. Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1, 2-ны өдөр хуралдуулахаар товлов.
Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар болжээ.
МАН-ЫН БАГА ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА
Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр /2021.01.10/ цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын 30-р их хурлын товыг зарлах болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Бага хуралд 336 төлөөлөгч онлайнаар оролцож байгаа бөгөөд хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлж байна.
Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов. Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Монгол Ардын Намын ээлжит 30 дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх
- Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай
- Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох
Тус намын 30-р их хурлыг 2021 оны гуравдугаар сарын 1-нд товлох саналыг намын Удирдах зөвлөлөөр оруулжээ. Тиймээс Бага хурлаар намын Их хурлыг товлож, Их хурлаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон намын үйл ажиллагааг дүгнэх, улс төрийн илтгэл, тайлан дүрэмд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ