Индонезийн Жакарта хотын нисэх онгоцны буудлаас өчигдөр/2021.1.9/ 62 хүнтэй Боинг 737-500 онгоц хөөрөөд, удалгүй Жава тэнгист унажээ. Харин өнөө өглөө Индонезийн аврагчид уснаас хүний биеийн хэсгүүд, хувцасны тасархайнууд, төмрийн хаягдлуудаас өөр дорвитой зүйл олж чадсангүй хэмээн мэдээллээ. Индонезийн Зам тээврийн яамны сайд Буди Карягийн хэлснээр албаныхан онгоцны илгээж байсан дохиогоор баримжаалан осолдсон газрыг нь тодорхойлж, тэндээ өргөн хүрээгээр авран хайх ажиллагаа эхлүүлсэн аж.
“Өнөө өглөөний байдлаар бид ослын газрын ойр орчмын уснаас хоёр тор зүйл гаргаж авлаа. Нэг торонд нь зорчигчдын эд зүйлс буюу хувцасны уранхай гэх мэт, нөгөө торонд нь амь үрэгдэгсдийн биеийн хэсгүүд дүүрэн байв” хэмээн Жакартагийн цагдаагийн газрын төлөөлөгч Юсри Юнус ярьжээ.
Индонезийн цэргийн агаарын хучний командлагч маршал Хади Тхаяжантогийн мэдээлснээр Ригел тэнгисийн цэргийн усан онгоц онгоцыг алга болохоос нь өмнө радар дээрээ харж байсан аж. Тэрбээр "бид онгоцны дохио тасармагц осол болсон гэдгийг гадарлаад нэн даруй шумбагчдаа дайчлан амьд үлдсэн хүн байгаа эсэхийг, байвал аврахыг тушаасан" гэжээ. Мөн үндэсний аврах хайх агентлагийн Багус Пурихито “Үлдэгдэл хэсгүүд Ланкан болон Лаки арлуудын дунд хавьцаа олдсон” хэмээн мэдээлсэн гэнэ.
Онгоц сураггүй болсноос хойш 12 цаг болсон ч ослын шалтгааны талаар ямар ч сэжүүр олдоогүй байна. 182 нислэгийн дугаартай Боинг 737-500 онгоц Жакартагийн нисэх буудлаас Калимантан мужийн Понтианак хүрэхээр 62 хүнтэй хөөрөөд дөрвөн минутын дараа сураг тасарсан аж. 62 хүний 12 нь нисэх багийнхан, 50 нь зорчигч бөгөөд тэдний 10 нь хүүхэд байжээ.
Ослын газрын ойролцоо загасчилж байсан гэрчүүд “Онгоц ус руу яг л аянга шиг явж ороод, усан доор дэлбэрсэн. Тэндээс их чанга чимээ сонсогдсон. Нэлээд ойрхон байсан тул зарим хэлтэрхий бидний завийг онох дөхсөн” хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ