ЭМЯ: Нийт 21, "Сонгдо" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нийт 21, "Сонгдо" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ

ЭМЯ: Нийт 21, "Сонгдо" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.10) мэдээллээ хийлээ.


"АЧТАН ЭМНЭЛЭГ, ХӨСҮТ, БГД-ИЙН 6-Р ХОРОО, МӨНХХАДА, СОНГДО ЭМНЭЛГИЙН ГОЛОМТУУДААС ХАЛДВАР ИЛРЭВ"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-нд нийт 22993 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс нэг  нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч болж, Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо. Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн. Мөн "Мөнххада" компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн. "Ачтан элит клиник" эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн.  Энэ хүн нь "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад тохиолдол нь гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. "Сонгдо" эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан. Тандалт үргэлжилж байна.

"ТАВАН ХҮН ЭДГЭРЧ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ МАШ ХҮНД НЭГ ХҮН БАЙНА"

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 929 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1429 болсон. Үүнээс эдгэрсэн 896 хүн буюу 62.7 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 522 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 380 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 263 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 204 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 48 хүн эмчлүүлж буй. Цэргийн төв эмнэлэгт 101 настай хүн Covid-19  халдвар авч, эмчлүүлж байна.

"БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД ХҮН ХООРОНДЫН БӨӨГНӨРӨЛӨӨС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА"

“Ачтан элит клиник” эмнэлгийн халдвар гэр бүлийн хүрээнд тархаж, нийт энэ голомтоос 45 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, эрүүл мэндийн ажилтан 21, гэр бүлийн болон бусад хавьтлын 24 хүн байна. Мөн “Мөнххада” компанийн найман ажилчин болон гэр бүлийн 16 хүн халдвар авч, нийт 24 тохиолдол бүртгэгдсэн. Ингээд ойрын хавьтал 1328 хүн байснаас ажиглалтын хугацаа дууссан 234 хүнийг өчигдрөөс гэрийн ажиглалтад шилжүүлж, одоо 1094 хүн байна. Хоёрдогч хавьтал 2252 хүн байснаас 200 гаруй хүн нэмэгдэж, 2455 хүн болсон. Үүнээс гэрийн ажиглалтад 400 гаруй хүнийг гаргаж, одоо 2050 хүн байна. Бид Баянгол дүүргийн тав, зургадугаар хороонд илрүүлэг шинжилгээг хийж, нийт 18584 хүнээс шинжилгээ авч, 13260 хүний хариу гарсан. Үүнээс зургаан батлагдсан тохиолдол илэрч, өвчлөл голомтолж гарч байгаа 65 дугаар байр, 12 дугаар байрны хавьтлуудын давтан шинжилгээгээр гарсан. Бусад хүмүүсийн шинжилгээнд вирус илрээгүй. Сүүлийн өдрүүдэд “Ачтан элит клиник” эмнэлэг, “Мөнххада” компанийн голомттой холбоотой гэр бүлийн, Баянгол дүүргийн дөрвөн орон сууцны орцны голомтолсон жижиг багц халдвар илэрч байна.  Энэ бол идэвхтэй хяналтад байна. Үүнд, “Ачтан элит клиник” эмнэлгийн ажилчдын сууц болон Баянгол дүүргийн зургадугаар хорооын 67, 12, 65, 43 дугаар байр орж байна. Ард иргэдэдээ анхааруулахад, эдгээр хүмүүс айл хэссэн, хамтдаа баяр тэмдэглэсэн асуумтай байна. Цаашдаа гэр бүлээрээ нийлж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Халдварын байдлыг харахад, нэг гэр бүлийн эсвэл хэсэг бүлгээрээ нийлж арга хэмжээ зохион байгуулсан, ажлын газрын хүмүүс өвдөж байна.

“УЛААНБААТАР ХОТОД COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН 10 ГОЛОМТ БҮРТГЭГДСЭН”

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад лабораториар батлагдсан 21 тохиолдол илэрч, өнгөрсөн өдөртэй харьцуулахад найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 1423 болж байна. Ялангуяа Улаанбаатар хотод Covid-19-ийн 10 гаруй голомт бүртгэгдсэн. Эдгээр голомтын зургаа нь намжуу, 3-4 нь идэвхтэй хэвээрээ байна. Голомтлон гарч байгаа нийслэл хотод нэгдүгээр сарын 6-нд 36 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол болсон. Энэ тохиолдлууд гол төлөв гэр бүлийн ойрын хавьтал, ажлын хамт олон, нэг орц, хамтдаа арга хэмжээ  зохион байгуулсан байна. Энэ нь бусад орноос өндөр 2.5-4  хувь байна. Тиймээс ард иргэд олноороо цугларахгүй байж, өндөр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хатуу хөл хорионы үеэр иргэд хөл хорионы дэглэмийг 100 хувь сахиж чадсангүй 70-80 хувьтай байсны улмаас Улаанбаатар хотод халдвар голомтлон гарч байна. Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 561 мянган иргэн үйлчлүүлж, ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 12 объектын талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн. Мөн ЗӨСҮТ-ийн баг Гашуунсухайт боомтод уртын тээвэр хийж буй 176 жолоочоос шинжилгээ авч, вирус илрээгүй байна. НЭМҮТ-өөс харуулдан тандалтын арга хэмжээг авч, 4320 хүнээс шинжилгээ авч, дөрвөн хариу эерэг гарсан. ЭМЯ-ны тусгай дугаарын долоон утсанд нийт 6272 иргэн хандаж, зөвлөгөө авсан.

“ЦАЙНЫ ГАЗАР, РЕСТОРАНД ШИРЭЭНД НЭГ ХҮН СУУХДАА 15 МИНУТААС ХЭТРЭХГҮЙ”

Маргааш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, олон аж ахуй нэгж үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс өнөөдөр албан байгууллагууд эхний ээлжинд цэвэрлэгээг сайтар хийж, цонхоо онгойлгож, бүх сандал, ширээгээ ариутгагчаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Мөн ажил эхлэхэд бүх ажилчид амны хаалт зүүж, биеийн халууныг үзээд, нийт ажилчдын 30 хувь өрөө тасалгаанд ажиллах, 70 хувь нь цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Хүн хоорондын зайг баримталж, нэг хүнд дөрвөн м.кв талбайд байх шаардлагатай. Жишээлбэл, цайны газар, ресторанууд ширээ сандлаа 1.5-2 метрийн зайтай байж, нэг ширээнд нэг хүн 15 минут суулгах шаардлагатай. Ихэнх үйлчилгээг хүргэлтээр хэрэглэхээр зохицуулна. Мөн тусгаарлах өрөөг гаргах шаардлагатай. Бүх ажилчдаасаа PCR шинжилгээ шаардах хэрэггүй. Харин амны хаалтаа сайтар зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайг баримтлах нь чухал.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, January 9, 2021

ИДЭВХТЭЙ ГОЛОМТЫН БАЙДАЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж