Шинэ Зеландчууд төрийн далбаагаа өөрчлөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландчууд төрийн далбаагаа өөрчлөхгүй гэв

 

Шинэ Зеландын иргэд  төрийн далбаагаа өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад иргэдийн 57 хувь нь  Их Британийн далбаатай адил загвартай далбаагаа хэвээр үлдээх санал өгчээ. Их Британийн колони байсан Шинэ Зеландад өчигдөр төрийн далбаагаа шинэ загвараар солих эсэх асуудлаар санал асуулга явуулсан юм.

 

Шинэ Зеланд одоогийн төрийн далбааг 1902 оноос хойш мандуулж байгаа билээ.

 

Төрийн далбаа нь Их Британийн колони байсан үеийг санагдуулахаас гадна Их Британийн далбаатай андуурахаар адилхан гэдэг  шүүмжлэл их байсан учраас бүх нийтийн санал асуулга явуулсан байна. Шинэ далбааны загвар нэг булан нь цэнхэр, нөгөө нь хар дэвсгэр дээр мөнгөн ойм дүрсэлсэн нь Шинэ Зеланд улс, мөн тус улсын хамгийн алдартай регби багийг илэрхийлсэн утгатай юм.  Гэвч иргэдийн дийлэнх нь шинэ загварыг сайшаагаагүй бөгөөд нөмөрдөг алчуур шиг зурагтай гэж дургүйцжээ.

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кей төрийн далбааг өөрчлөхийг дэмжсэн юм. Гэвч эсэргүүцэгчид далбааг өөрчлөхөд 17 сая ам.доллар шаардагдана гэхэд дургүйцлээ илэрхийлжээ. Нийт 3.2 сая хүн санал асуулгад оролцохоор бүртгүүлснээс 2.1 сая хүний саналыг тоолоод байна. Санал хураалтын эцсийн дүн ирэх долоо хоногт гарах ажээ.

 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж