Ч.Сайханбилэг Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Дорнод аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултанд хариуллаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар танилцууллаа. 1921-2012 онд буюу 91 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 2964 км хатуу хучилттай авто зам барьж, ашиглалтад оруулж байсан бол 2013 оноос хойш гурван жилийн хугацаанд 2720 км хатуу хучилттай зам барьж, ашиглалтад оруулсан байна. Энэ онд 1284 км зам барих бол Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замын үлдсэн 100 гаруй км замыг 7 дугаар сард ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд хэллээ.

1921-1996 онд 100 мянган өрх орон сууцанд орсон бол өнөөдөр 1 жилд 25 мянган өрх орон сууцанд орж байна. 2008 онд 50 мянган хүн барилгын салбарт ажиллаж байсан бол өнөөдөр 96 мянган хүн барилгын салбарт ажиллаж байна. “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 1246 орон сууц шинээр баригдсан, 1565 иргэн ипотекийн зээл авчээ. Жилийн 8 хувийн хүүтэй байсан орон сууцны ипотекийн зээлийн хүү орон нутагт 5 хувь болж буурав.

Дорнод аймагт бензин шатахууны үнэ литр тутамд 80-240 хүртэлх төгрөгөөр буурснаас гадна интернэтийн урсгал нэмэгдэж, үнийг буурууллаа. Түүнчлэн махны экспорт нэмэгдэж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 махны үйлдвэр байгуулж, стандарт шаардлагад нийцсэн махыг боловсруулах үйлдвэртэй болсноор зүүн бүсийн аймгуудын малын махны экспортыг нэмэгдэх боломж бүрдэнэ гэлээ.

Иргэд Ерөнхий сайдаас тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, малчны зээл, тэтгэврийн зээлийн хүү, Халх голын чөлөөт бүс, Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай болон ахмад настнууд, спортын амжилт гаргасан тамирчид, соёл урлагийн ажилтнуудыг дэмжих талаар сонирхсон асуултаа асуулаа. Иргэдийн асуулт бүрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Уулзалтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж