Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

Хуучирсан мэдээ: 2021.01.10-нд нийтлэгдсэн

Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

Хөл хориог сулруулах шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч хууль өргөн барив

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ХАТУУ ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАВ

Монгол Улсад дотоодын халдвар нэмэгдэж, нийслэлд шинэ голомтууд үүссэнтэй холбоотойгоор хатуу хөл хориог сулруулах шийдвэрийг гаргав. Өөрөөр хэлбэл, 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагааг нээж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг иргэдэд анхааруулж байгаа юм. 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс тогтоосон 18 байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагаа нээгдэж байгаа юм.

Одоогоор нийслэлд халдварын тоо нэмэгдэж байгаа бол орон нутагт халдварын голомтууд бүрэн зогсоож, хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

УИХ-ын чуулганы хуралдаанаар найман сар гацсан Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн барьж, Засгийн газраас өргөн барьсан хуультай хамтатган хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгч хуулиа эргүүлэн татсан юм. Тиймээс УИХ Засгийн газраас өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ хуульд шүүхийг илүү хараат бус байлгаж, шүүгч нарын алдаа оноог хянадаг бас хамгаалдаг зохицуулалт оруулж өгсөн. Мөн шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог байдлыг хязгаарлаж, Шүүхийн сахилгын хороо, зөвлөлийг илүү их үүрэгтэй болгож байгаагаараа давуу талтай. Мөн өнгөрч буй долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцсэн юм. Гэхдээ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан юм. Энэ хууль нь 2017 оны долдугаар сарын 1-ээс 2020 нэгдүгээр сарын 10-ны хооронд прокурорын дүгнэлтээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон хуулийн төслүүдийг сэргээн хэлэлцэх хууль байсан бөгөөд Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Гэвч УИХ хүлээж аваагүй учраас одоо Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨРХ БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ оффшор дансан дахь мөнгөнүүдийг эх орондоо авчрах талаар дурдсан. Мөн тэрбээр цар тахалтай холбоотойгоор өрх бүрт нэг сая төгрөгийн бэлэн мөнгө өгөх тухай хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байсан. Харин энэ удаад оффшор данснаас орж ирсэн мөнгөнөөс өрх бүрт нэг сая төгрөг өгөх хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барьж байгаагаа тодотгосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

БГД ХЭСЭГЧЛЭН ХЗГААРЛАЛТ ТОГТООВ

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооноос гарах, орох хөдөлгөөнийг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд хязгаарлалаа. Тиймээс энэ гурав хоногийн хязгаарлалт өнөөдөр дуусгавар болох юм.  БГД-ийн 25 дугаар эмийн сангаас Саппорогийн уулзвар хүртэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс Гэмтлийн эмнэлгийн нутаг дэвсгэрт  энэ сарын 11 хүртэл хязгаарлалт тогтоож буй. Тус дүүргийн зарим хороодод тандалт, судалгаа хийх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг гурав хоног тогтоож байгаа бөгөөд ийм чиглэлийг Нийслэлийн онцгой комиссоос өгсөн байна. Хязгаарлалт тогтоох хугацаанд  явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй баг байр тус бүрт очиж, оршин суугчдаас PCR шинжилгээ авах юм. Гэхдээ тус дүүргийн 5, 6 дугаар хороонд  үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллах ажээ.

Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Гурван шатны шүүхээс ял сонсоод буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг Улсын дээд шүүх Баасан гаригт хэлэлцэх байсан ч өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хойшлуулав. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад шүүхээс 6 жилийн хорих ял оноогоод байгаа бол УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт 5,5 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

МОНГОЛЫН ЖҮДОЧИД ДОХАГ ЗОРИВ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2021 оны тэмцээн уралдааны нээлтээ дэлхийн мастерсаар эхэлж байна. Таван тивийн 69 орны 398 шилдэг жүдочид ирэх нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын нийслэл Доха хотод хуран чуулахад бэлэн болжээ. Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 шилдэг жүдочин явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Жүдочдыг Улаанбаатар хотоос "Хүннү Эйр" авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-ны өдөр буюу өчигдөр тамирчдаа хүргэхээр нисчээ.

Дохаг зорих эрэгтэй жүдочид:

  • -60 кг жинд мастерсийн гурван хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааны 15-д эрэмбэтэй Д.Амартүвшин
  • -60 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Л.Өнөболд
  • -66 кг жинд мастерсийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Г.Хэрлэн
  • -66 кг жинд мастерсийн хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй Ё.Басхүү
  • -73 кг жинд дэлхийн чансааны 21-д эрэмбэтэй Ц.Цогтбаатар
  • -73 кг жинд мастерсийн мөнгөн медальт дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Одбаяр
  • -81 кг жинд дэлхийн чансаанд зургадугаарт эрэмбэтэй Сайед Моллай
  • -81 кг жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэтэй О.Ууганбаатар
  • -90 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Алтанбагана
  • +100 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Ө.Дүүрэнбаяр

Дохаг зорих эмэгтэй жүдочид:

  • -48 кг жинд мастерсийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны долдугаарт эрэмбэтэй М.Уранцэцэг
  • -48 кг жинд мастерсийн мөнгөн медальт, дэлхийн чансааны 18-д эрэмбэтэй Г.Наранцэцэг
  • -52 кг жинд дэлхийн чансааны 16-д эрэмбэтэй Л.Сосорбарам
  • -52 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Б.Хорлоодой
  • -57 кг жинд мастерсийн дөрвөн алтан медальтай, дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй Д.Сумъяа
  • -63 кг жинд дэлхийн чансааны 19-д эрэмбэтэй Б.Ганхайч

Дохаг зорих дасгалжуулагчид:

  • Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар
  • Дасгалжуулагчид ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж