УОК-оос мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Saturday, January 9, 2021
Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн (2021.01.09) хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн
-Түр хугацаанд хориглогдох 18 салбар, үйлчилгээний чиглэлүүдийг танилцуулъя.
- Барааны худалдаа
- Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
- Бүх төрлийн баар
- Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
- Цахим тоглоом
- Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
- Саун, бассейн
- Шашны зан үйл
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
- Үсчин
- Гоо сайхны төвүүд
- Бариа засал, массаж, алжаал тайлах төв
- Амралтын газар, зочид буудал, дэн буудал
- Түргэн үйлчилгээний газрууд
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
- Нийтийн халуун ус
- Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
- Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
Дээрх 18 чиглэлээс бусад үйлчилгээний байгууллага ирэх Даваа гаригаас энгийн хуваарийн дагуу ажиллаж болно. Мөн нийтийн тээврийн хэвийн үргэлжилнэ. Харин Улаанбаатар хотоос гарах тохиолдолд PCR шинжилгээг зайлшгүй шаардана. Тодорхой хэмжээгээр дэглэм буурсан ч Улаанбаатар голомтын бүс хэвээр байгаа.
– Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн санхүүгийн байдал хүндэрч байна. Энэ хүмүүс яах вэ?
-Хүнсний бараан дээр харьцангуй бага хүмүүс цугларч байгаа ажиглагдсан. Нийслэлийн өвчлөлийн нөхцөл байдал хөнгөн түвшинд очоогүйг Баянгол дүүргээс харж болно. Урьд нь Баянзүрх дээр гарсан 400 хүнтэй халдварын голомтыг бодвол гайгүй байна. Бид эхлээд долоо хоног хараад нийтийн халуун үс, үсчний газрууд, моллуудыг хэсэгчлэн нээнэ.
-Хэдийгээр хот хооронд чөлөөтэй зорчиж болох вэ?
-Цэвэр бүсүүд рүү халдвар алдахаас сэргийлж байна. Хэзээ хот хооронд чөлөөтэй зорчихыг УОК шийднэ.
-PCR нэхээд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа төрийн байгууллагууд байна. Энэ тохиолдолд яах вэ?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар
-Шинжилгээ хийлгэх иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөрт 20 мянга гаруй хүнд шинжилгээ хийж, хариуг нь гаргаж байна. Ажил эхлэхэд заавал шинжилгээ өгсөн байх шаардлагагүй. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Хамт олноороо нийлж хоол унд идэж, маскгүй удаан хугацаанд суусан тохиолдлууд өмнөх халдварын тохиолдлуудаас ажиглагдсан. Маш өндөр эрсдэлтэй хэвээрээ байгаа.
-10-р хороололд шинжилгээ авч байгаа хүмүүс хувцсаа солихгүй олон айлаар яваад байна гэж байна. Энэ асуудал дээр тайлбар өгөөч?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар:
-Нэг хүнээс шинжилгээ авах болгондоо бээлийгээ сольж байгаа. Мөн тэдгээр хүмүүсийг дагаж, халдваргүйжүүлэгч дагаж явдаг ариутгал хийдэг.
-10-р хороололд ямар бодлого баримталж байна вэ?
-Баянголд дүүрэгт 57 баг ажиллаж, бүх өрхүүдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Дөрвөн сарын дотор халдварын тархалт намжина гэсэн тооцоог гаргасан. 8-9 дэх долоо хоногт нь 12 мянган халдвар оношлогдоно гэж тооцоо гарсан. Хоёр сарын хугацаанд иргэд маань хариуцлагатай байсан. Хавтгайруулж биш уян хатан хэсэгчилсэн хөл хориог тогтоох бодлого баримталж байна.
-Ном бичгийн дэлгүүрүүд яагаад ажиллахгүй гэж байгаа юм бэ?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Бид нарын ангилалд байгууллагууд бүртгэгдсэн байгаа. Дэлгүүрүүдийг нээлээ гэж бодоход Нарантуул, Дүнжингарав захуудын асуудал яригдаж эхэлнэ. Агуулгаар авч үзвэл дэлгүүр хоршоод дээр олон зүйл яригдана.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
-Ахуйн болон соёлын барааг нээх боломжгүй.
-ТҮЦ-ийг яагаад ажлуулахгүй гэж байгаа юм бэ?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-ТҮЦ бол стандарт бус үйлчилгээ. Бэлэн мөнгө маш ихээр хэрэглэдэг. Ариутгал халдваргүйжүүлэлт муу. Covid-19-гүй үед ч бид ТҮЦ-үүдийг буулгах тал дээр ажиллаж байсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
-ТҮЦ нийслэлд мянга гаруй бий. Стандартын асуудал нь муу учир ТҮЦ-нүүдийг нээх боломжгүй.
-Эмнэлгүүдээс халдвар их тархаж байна. Энэ эмнэлгүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар:
-Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин. Эмч нар нэг агаараар амьсгалдаг. Хүн хоорондын контакт их үүсдэг орчин. Халдвар хамгааллын дэглэм муугаас болон үйл ажиллагаагаа хийж явахдаа халдвар авах гэсэн хоёр зам бий. Халдвар авсан эмчийг бид буруутгахгүй. Харин тэнд халдвар авах нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс дээр хариуцлага тооцно.
-“Нээлээ, хаалаа” гэдэг нь аж ахуй нэгжүүдэд дарамт болж байна. Одоо цаашдаа тогтвортой ажиллах болох юм уу?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Цагаан сараар нийслэлээс тодорхой хөл хорио тогтоож таарна. Цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь таамаглашгүй байна. Бид бизнесүүдээ хэвийн явагдах боломжоор нь хангамаар байгаа. Үүний төлөө хамгийн үр дүнтэй арга болох хэсэгчилсэн хөл хориог хэрэглэж байна.
-QR кодыг ирэх Даваа гаригаас хэрхэн шийдэх вэ? Мөн цагийн хуваарьт нь өөрчлөлт орох газрууд байгаа юу?
-Ирэх Даваа гаригийн 06.00 цагаас QR код үйлчлэхгүй. Зарим газруудын цагийн хуваарь өөрчлөгдөнө. Үүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдэж, тодорхой мэдээлэл хүргэнэ.
-Цахим орчинд эрүүл мэндийн яамны ажилчдын халдварыг аль хэдийнэ алдчихсан гэсэн бичлэг яваад байсан. Үүн дээр тайлбар өгнө үү?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар:
-Энэ тал дээр сайн мэдэхгүй байна.
-Хоолны газар маскгүй хоол идэж байгаа боловч масктай худалдаа хийж болохгүй гэж байна. Энэ судалгааг хэн хийсэн юм бэ?
-Тухайн газар иргэдийн бөөгнөрөл, үйлчилгээний хугацаа зэрэг олон нөхцөл байдлыг судлан үнэлгээ явуулж байгаа. Зоогийн газар болон Дүнжингарав захын үйлчлүүлэгчдийн тоог гаргахад маш ялгаатай дүн гарч байгаа. Бид хамгийн эрсдэл багатай салбаруудыг нээж байгаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Барилгын засвар, үсчин зэрэг газрууд хамгийн өндөр эрсдэлтэй газруудад орж байна. Бид эдийн засгийн агуулгаар дэмжих тал дээр судалж байна. Аль болохоор нөхцөл байдлыг хурдан намжааж эдгээр ажлын байруудыг эргэн нээх тал дээр судалгаа хийж байгаа. Дараагийн удаа ЖДҮ-г дэмжих болно.
-Эмнэлгүүдэд халдварын шалгалт хийж байгаа юу?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
-Нийслэлийн 1514 эмнэлэг дээр хяналт шалгалтуудыг хийж байгаа. арав болон арваннэгдүгээр саруудад хяналт шалгалт хийхэд зөрчлүүд гарсан. Халдвар хамгааллын дэглэм, нэг удаагийн хувцас хэрэглэл дээр 80-90 хувь нь бэлтгэл ажлаа хангасан байсан.
-Уул уурхай ээлж хэзээ солих вэ? 21 хоночлоо гэж байна.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг
–Уул уурхайн компаниуд ээлж солих хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдсэн байгаа. Энэ тухай удахгүй мэдээллье. Замын-Үүдэд 1204 тээврийн хэрэгсэл орж ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн ямар нэгэн дараалал үүсэхгүй. Мөн Алтанбулаг дээр ч гэсэн байдал хэвийн болж байна. Урд, хойд хилийн ачаа тээврийн асуудал хэвийн болж байна.
-Хоолны газруудад маскгүй хүмүүс хоол идэж байна. Тэгээд яагаад үсчин нээхгүй гээд байгаа юм бэ?
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Хэр олон хүн бөөгнөрч байгаа, контакт үүсгэж байгааг нь харах хэрэгтэй. Кофе шофуудад үйлчлүүлэгч суух хугацааг тогтоож өгнө. Зарим барааны дэлгүүрүүдэд ямар бөөгнөрөл үүсэх вэ гэдгийг холбогдох хүмүүстэй ярилцаж, эрсдлийн үнэлгээ хийсэн. Нэг үйлчлүүлэгчид үйлчилж байгаа хугацаа нь үсчин дээр үнэхээр өндөр байгаа. Мөн цанын баазууд дээр ч гэсэн адилхан.
-Сүхбаатар дүүргийн эмнэлэг дээр хөл хорио тогтоочихлоо гэж байна. Тайлбар өгнө үү?
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар:
–Хатгалгаатай хүн тус эмнэлэгт ирсэн байна. Сая PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна. Одоо хэвийн болсон.
-Хоёр сар хүүхдүүдээ гэртээ хоричихлоо. Ямар нэгэн агаарт гарах боломж бий юу?
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг эргэн сэргээх тал дээр анхаарна. Богд ууланд хэдэн мянгаараа цугларах эрсдэл бий. Үүнийг журам гаргаж зохицуулах байдлаар иргэдэд агаар салхинд гарах боломжийг олгоно.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг:
-Эцэст нь нэгтгэж хэлэхэд, ирэх долоо хоногт 34 салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа нээж байна. Цаашдаа массыг хамарсан томоохон голомт үүсэхгүй бол шат дараалалтай салбаруудыг нээнэ. Маргааш Эрүүл мэндийн яамны сайд лайваар мэдээлэл хийнэ. Засгийн газраас Цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй гэсэн тогтоол гаргасан. Цагаан сарын бэлтгэлээ хийх, ээж аавындаа очих зэргийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авна. Дэлхийн бүх улс орнууд тэмдэглэлт баяруудаа хориглож байна.
Холбоотой мэдээ