Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн А/04 дугаар бүхий “Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалт шинжилгээний ажил зохион байгуулах” тухай захирамжийн хүрээнд дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт Covid-19 цар тахлын тандалт, илрүүлгийн шинжилгээ авч эхэлсэн.
Өнөөдрийн(2021.01.09) байдлаар Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, нийт 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар 5, 6 дугаар хорооны 58 байрны 8727 иргэн, өнөөдөр 09.00 цагаас эхлэн 4760 иргэнийг PCR шинжилгээнд хамрууллаа.
Уг тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны харъяа төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, НЭМГ-ын харъяа төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээний ажил үргэлжилж байна. Мөн дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Холбоотой мэдээ