Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ. Үүнээс 18.1 (60.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9%) нь эмэгтэйчүүд байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Холбоотой мэдээ