Ардчилсан намын цахим зөвлөлдөх уулзалт энэ сарын 8-нд зохион байгуулагдлаа. Цахим зөвлөлдөх хуралдаанд Ардчилсан намын ҮБХ-ны 200 орчим гишүүн оролцсон бөгөөд үндсэн гурван асуудлын хүрээнд санал солилцсон юм. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт УИХ-ын чуулганы цахим хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог.
Цахим зөвлөлдөх уулзалтаар Ардчилсан намын цахим хуралдааны дэгийн журмын төсөл, ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг сунгах эсэх, гишүүдийн татварыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хөнгөлөх, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Ардчилсан намын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд цахим хуралдааныг зохицуулсан заалт байхгүй. Цаашид Ардчилсан нам бүх шатны намын байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэхийн тулд үйл ажиллагаагаа цар тахлын нөхцөл байдалтай уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс ч цахим хуралдааны дэгийн журмыг боловсруулах нь онцгой ач холбогдолтой. Учир нь Ардчилсан намын цахим хуралдааны дэг тодорхой болсноор цаашид бүх шатны хуралдааны шийдвэрүүд дүрмийн ямар нэгэн зөрчилгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөх боломж бүрдэнэ. Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдааныг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж үзлээ.
Холбоотой мэдээ