Covid-19 цар тахлын улмаас зарласан хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулан, ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаатай холбогдуулан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлдээ, үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах, үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх, 2021 оны төсвийг тодотгох, үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг дурджээ.
Мөн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байгааг харгалзан үзэж, УИХ, Засгийн газраас иргэдээ, ажил олгогчоо бодсон хүнлэг шийдвэр гаргахыг шаарджээ.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ