Рио-2016 зуны олимпийн XXXI наадмын Ази номхон далайн бүсийн олимпийн эрх олгох боксын тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чянь Ань хотод орон нутгийн цагаар 18.00 цагт нээлтээ хийнэ. Тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10 жин, эмэгтэй 3 жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпийн эрх олгох бол эмэгтэй тамирчид финалдсан тохиолдолд Риог зорих эрхээ авна. Өөрөөр хэлбэл энэхүү тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 3 жинд оролцох бөгөөд өнөөдөр эмэгтэй 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ дэвжээнд гарна. Тэрээр Непалийн Сарасвати Ранатай оноолт таарчээ. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэх юм. Энэ жинд нийт 18 тамирчин оролцож байна.
Баг тамирчид:
Эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.
Сонирхуулахад, Боксын холбооны ерөнхийлөгч олимпийн эрхийн тэмцээнд оролцож буй тамирчин тус бүртээ нэг сая төгрөг өгсөн байна.
Ч.БОЛОР