Дональд Трамп шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүйгээ “Twitter”-тээ мэдэгджээ. Тэрбээр “Сонирхсон бүх хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэж мэдэгдсэн байна. Харамсалтай нь энэ түүний сүүлийн жиргээ байв. Учир нь “Twitter” компани түүний 88 сая дагагдтай хаягийг бүр мөсөн хааж байгаагаа зарласан билээ.
Ийнхүү Дональд Трамп шинэ Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж байна. Гэхдээ дэд Ерөнхийлөгч Майк Пенс Байдены тангаргийн ёслолд оролцох юм байна.
Энэ мэдээг сонссон Жо Байден “Харин ч сайн зүйл болжээ. Тэр надад өөрийнх нь талаар хамгийн муухай ойлголтыг давсан үйлдэл гаргасан. Трамп улс орноо дэлхий даяар ичгүүртэй байдалд оруулсан. Тэр энэ албыг хашихад зохимжгүй хүн” хэмээн хэлжээ.
Тус улсын түүхэнд хуучин Ерөнхийлөгч нь шинэ Ерөнхийлөгчийнхөө тангаргийн ёслолд оролцоогүй маш цөөн тохиолдол байдаг нь Жон Адамс, Жон Куинси Адамс, Эндрью Жонсон нар юм.
Харин орчин үеийн Ерөнхийлөгч нараас ганцхан Ричард Никсон нь Жеральд Фордын тангаргийн ёслолд оролцоогүй юм. Гэхдээ тухайн үед Уотергэйтийн дуулианы улмаас Никсон хугацаанаасаа өмнө огцорсон учраас оролцоогүй билээ.
Энэ сарын 20-нд болох Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад амьд сэрүүн байгаа АНУ-ын бүх экс Ерөнхийлөгч нар оролцохоор аж. Харин 96 настай Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.
Эх сурвалж: CNN, Guardian
Холбоотой мэдээ