Саудын Арабын эзэн хаан 85 настай Салман өчигдөр /2021.01.08/ covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ. Тус улс нь Персийн булангийн орнуудаас “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосон хоёр дахь улс болж байв. Саудын Арабын өмнө Бахрейн улс энэхүү вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Салман хаанаас гадна угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтан вакцины эхний тунгаа хийлгээд байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн сайд Тавфик Аль Рабиах цар тахал эхэлсэн цагаас хойш ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьсаар ирсэн эзэн хааныг ийнхүү өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлсэнд нь талархал илэрхийлжээ.
Саудын Араб улс нь эхний ээлжинд эрсдэл өндөртэй хүн амын бүлгийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Тус улс нь Арабын орнуудаас анх удаа буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 100 мянга гаруй хүн хамрагджээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ