Боко Харамын зэвсэгт босогчид Нигерийн зүүн хойд хэсэгт орших алслагдсан Адамава мужаас 16 охид, эмэгтэйчүүдийг хулгайлсан талаар мужийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Пүрэв гариг /2016.03.24/-т тус мужийн цагдаагийн газар хүн хулгайлсан 16 хэргийн дуудлага авсны дараа Боко Харамын зэвсэгт этгээдүүдийн хэрэг болохыг тогтоожээ.
Мужийн цагдаагийн газраас эрлийн баг гаргаж, цэргийнхэнд хулгайлагдсан хүмүүсийг олж, суллах тусгай алба гаргахыг даалгасан байна. Болсон явдлыг нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар зэвсэгтэй этгээдүүд нутгийн иргэдийг загас барьж, гал түлж байхад очсон бөгөөд эмэгтэйчүүдэд буу тулган хүчээр авч явжээ. Харин хоёр бүсгүй гол руу орж, живсэн мэт дүр үзүүлж, босогчдыг явсны дараа уснаас гарч амь аврагдсан байна. Нигерийн Борно мужийн хил орчмын Мадагали дүүрэгт Боко Харам бүлэглэлийн халдлага байнга гардаг аж. Тус нутаг дэвсгэрт долоон жил үргэлжилсэн үймээн самууны үеэр 17,000 орчим амь үрэгдсэн юм.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Нигерийн Борно болон Чибок суурингуудаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэдэн мянган охид, эмэгтэйчүүдийг хулгайлсан бөгөөд тэдний 200 орчим нь дунд сургуулийн сурагчид байжээ. 2014 онд Боко Харамын босогчид ИУ гэгчийг байгуулахаар Мадагали, Адамава болон Борно, Йобе зэрэг газруудыг хяналтандаа авч, охид эмэгтэйчүүдийг нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хулгайлдаг болсон юм.
Үймээн самуун дэгдсэнээс хойш Нигерийн 2.6 сая хүн эх орноосоо дүрвэсэн. Нигерийн цэргүүд босогчдын эсрэг тэмцэж, тэдний хяналтанд байгаа газар нутгийн зарим хэсгийг чөлөөлжээ.
Н.ЭНХ