Шар усны үер бууж, мөс цөмрөх аюултайг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Шар усны үер бууж, мөс цөмрөх аюултайг анхааруулав

Зудтай буюу зудархуу сумын тоо буурч, хаваржилт сайжирч буй боловч цасны зузаан, нягтаршил ихтэй нутагт шар усны үер болж магадгүй байгаа тул малчин иргэд сонор, сэрэмжтэй байж, цасаа цэвэрлэхийг уриаллаа. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар  мөс хайлж,  мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа ажээ. Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул цас,  голын мөс эрчимтэй хайлж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер, цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автаж болзошгүйг цаг уурчид сануулж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. 

Ирэх хоногуудад буюу энэ сарын 26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч,  шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж