АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрладаг Конгрессын ордонд өчигдөр /2021.01.07/ сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Дональд Трампыг дэмжигчид дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан Facebook”, Twitter зэрэг цахим сүлжээний компаниуд Ерөнхийлөгч Трампын хаягийг түр хугацаанд хаагаад байсан юм. Twitter компани өнөөдөр түүний хаягийг эргэн сэргээсэн бол “Facebook” компани дахин 14 хоногийн хугацаанд буюу түүнийг эрх мэдлээ Жо Байденд шилжүүлж дуусах хүртэл хаягийг нь блоклосон байна. Нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хугацааг цаашид ч сунгаж болзошгүй ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден Үндсэн хуулийн дагуу нэгдүгээр сарын 20-ний өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.
Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Ерөнхийлөгч Трампын нийтэлж буй мэдээллүүд улс оронд эрсдэл үүсгэж байгааг мэдэгджээ. Дональд Трампын хувьд сонгуулийн үр дүн будилаантай болсон талаар цахим сүлжээгээрээ удаа дараа мэдэгдэл хийсэн бөгөөд үүнээс болж түүний дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж үзжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ