Монголын урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгуулсан “Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” гэрэл зургийн төслийн цахим үзэсгэлэнд оролцогчдын шилдэг бүтээлүүд шалгарчээ.
Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд хөрөг, сэдэвчилсэн хоёр төрлөөр өрсөлдөхөд News.mn мэдээллийн сайтын гэрэл зурагчин Д.Ганбүжин хөрөг төрөлд “Тогооны хүн” бүтээлээрээ "Шилдэг бүтээл"-ийн эзэн болсон юм. Мөн энэ төрөлд гэрэл зураг сонирхогч А.Саранзаяа “Охины хөрөг” бүтээлээр шилдэг оролцогчоор шалгарсан бол гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл “Шошго хэрэггүй” бүтээлээрээ, гэрэл зурагчин Ш.Отгонжаргал “Туфль” гэрэл зургийн бүтээлээрээ шилдэг оролцогчоор шалгарсан байна.
Зургаан сарын хугацаанд хэрэгжүүлсэн уг төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар дамжуулан эмэгтэй уран бүтээлчдийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг дээшлүүлэхэд оршжээ.
Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна. Эхний үе шатанд баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч үйлдвэрлэлийн мэргэжилтэн, багш нараас бүрдсэн багтай хамтран таван удаагийн уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2020 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулсан юм. Уг төсөлд 100 гаруй хүн оролцжээ.
Дараагийн үе шат буюу “ЗҮҮМ” гэрэл зургийн уралдааныг “Тэгш оролцоот нийгэм” сэдвийн дор 2020 оны наймдугаар сараас хоёр сарын хугацаанд зарласан юм. Уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд хөрөг, сэдэвчилсэн хоёр төрлөөр нийгмийн олон талт асуудлыг өөрсдийн бүтээлээр илэрхийлж, сургалтаас сурсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх болзолтой байв. Зохион байгуулагчид 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг хүлээн авсан бөгөөд эдгээр уран бүтээлчдээс 12 уран бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад тэнцэж, үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон.
Зохион байгуулагчид тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зүүм” цахим үзэсгэлэнг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж буй бөгөөд 12 оролцогчийн 13 бүтээл “GenerationEquality” хаштагтайгаар танилцуулагдаж байна. Үзэсгэлэнд сонгон шалгарсан шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс хөрөг, сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн,сонирхогч ангилалд сонгон шалгаруулна. Харин сошиал орчинд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг гардуулах юм.
“Миний бодлоор гэрэл зураг гэдэг зүгээр л нэг зураг бус өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж болох арга зам юм. Би “ЗҮҮМ: Тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл” сургалтанд суугаад энэ санаа минь улам бат болсон. Өөрийнхөө санааг зовоож буй асуудалдаа бусдын анхаарлыг татаж болох юм байна гэж ойлгосон. Би зүгээр л гэрэл зургийг авах арга техникт суралцах байх гэж бодтол нийгэмд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар яаж илэрхийлж болох вэ? гэдэгт суралцсан. Тиймээс би энэ сургалтанд суусандаа үнэхээр баяртай байгаа…” хэмээн төсөлд хамрагдсан гэрэл зураг сонирхогч Ч.Итгэл ярьж байна.
Монголын урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтран 2021 онд энэхүү төслийг дахин хэрэгжүүлж, эмэгтэй гэрэл зурагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдэнд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжийг дахин олгох ажээ.
Шилдэг бүтээл – Хөрөг “Тогооны хүн”“Зүүм” цахим үзэсгэлэнд сонгон шалгарсан 12 оролцогчийн 13 бүтээлээс шүүгчдийн…
Posted by Arts Council of Mongolia on Thursday, January 7, 2021
А.СҮРЭН
Холбоотой мэдээ