УИХ гишүүн Г. Дамдинням, Х. Ганхуяг, Г.Амартүвшин нарын гишүүд цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.01.08/өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодруулга авлаа.
-Цар тахлаас болж олон мянган компани эдийн засгийн их бага хохирол амсаж, иргэд ажлын байраа алдаж байна. Тэднийг дэмжихийн тулд та бүхэн хууль санаачилж, өргөн барилаа. УИХ дэмжих болов уу?
-Цар тахлын үед дэлхий нийтээр эдийн засгийн хохирол амсаж байна. Тиймээс улс орнуудын төр засаг хоёр чиглэлээр эдийн засгаа дэмжиж байна. Нэгдүгээр иргэдийн амьжиргааг дэмжиж халамжийн бодлого хэрэгжүүлэх. Хоёрт, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, иргэдийн ажлын байр, цалин орлогыг хамгаалах арга хэмжээ авч байна. Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс хүүхдийн мөнгө, хүнсний талоны мөнгийг нэмсэн. Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Мөн тог цахилгаан, ус дулааны мөнгийг төр даахаар болсон. Түлээ түлшний үнийг хямдруулсан. Одоо баялаг бүтээгдэг, татвар бүрдүүлдэг хүмүүсээ дэмжих шаардлагатай болж байна. УИХ бизнес эрхлэгчдээ заавал дэмжих ёстой. Ингэснээр иргэдийнхээ ажил, орлогыг хамгаална.
-Хуулийн төсөлд ямар боломж, дэмжлэгийг тусгаж өгөв?
-Бизнес эрхлэгчдийн хувьд бүгд зээлтэй. Нийт бизнес эрхлэгчдийн 68 хувь нь зээлийн хүүгийн дарамтад байна. Хэдийгээр зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулсан ч хүүгээ цаг тухайд төлөх шаардлага үүссэн. Гэтэл орлогогүй, ашиггүй болсон бизнес эрхлэгчид зээлийн хүүгээ төлөх боломж хязгаарлагдмал. Үүнээс болоод дампуурах, ажилчдаа цөөлөх, ажлын байраа цомхотгох арга хэмжээ авч байна. Ажилгүй болсон иргэд ядууралд өртөнө. Энэ бол эдийн засгийн том эрсдэл. Тиймээс УИХ-ын 21 гишүүн санаачилан хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн банк болон банк бусын байгууллагын арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх, төр үүнд дэмжлэг үзүүлэх, зээлийн төлбөрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулах зохицуулалтыг суулгаж өгсөн.
-Цар тахлын үед зарим компаниуд хөл хорионд ороогүй, харин ч ашиг орлоготой ажиллаж байгаа шүү дээ?
-Үнэн, уул уурхай, хүнс, харилцаа холбоо зэрэг салбарынхан цар тахлын үед ашиг орлогооо алдаагүй. Тиймээс эхлээд эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг төрөөс хийх юм. Ашиг орлого нь хэр муудаж вэ, хэцүү, бэрх байгаа ч ажилчид, ажлын байраа хамгаалж чадав уу гээд судалгаа хийсний дээр бизнест нь дэмжлэг үзүүлэх юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ