Урлагийн тэнгэрт дахин гялалзсан од Уитни Хьюстон

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Урлагийн тэнгэрт дахин гялалзсан од Уитни Хьюстон

Арван нэгхэн насандаа Нью-Жерси хотын сүмд хоор дуу дуулж, урлагийн гараагаа эхэлсэн дуучин Уитни Хьюстон амьдралын эрээн бараан, элдэв бүхнийг амсч, ядарч туйлдахын эрхэнд урлагийн их ертөнцөөс хөндийрсөн боловч цуцашгүй арвин хүслээр дахин мэндэлсэн юм. Дэлхийн хэмжээнд 140 сая хувь цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг 100 дуучны жагсаалтад багтсан Уитни Хьюстоны сэргэн мандалтын үе айсуй.
 “Artista Records” студитэй гэрээ байгуулж, цомог, сингль, видео нийлээд дэлхийн хэмжээнд 170 сая хувь борлуулж чадсан дуучин Уитни Хьюстон өөрийн гэсэн цар хүрээг бий болгож, орчин цагийн дэлхийн урлагийн түүхийн хуудаснаа нэгэн хуудас нэмсэн шилдэг уран бүтээлч юм. Түүний уянгалаг хэрнээ хүчирхэг дуу хоолой хөгжмийн түүхэнд мөнхөрч, олон шилдэг дуугаараа алдрын оргил өөд гарсан билээ. Түүний амжилтын хуудсыг сөхвөл, “Billboard Hot 100” буюу шилдэг 100 дууны жагсаалтыг дараалан долоон дуугаараа тэргүүлсэн, Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин, түүнчлэн платинум цомгийн шагналыг долоон удаа хүртсэн гээд арвин амжилт бүтээлийн эзэн. Түүнчлэн “Бие хамгаалагч” кино саундтрек нь бүх цаг үеийн шилдэг 10 цомгийн жагсаалтад багтаж, Уитнигийн карьерыг тодорхойлсон “I Will Always Love You” дуу нь АНУ-ын бүх цаг үеийн шилдэг борлуулалттай синглээр тодорчээ.
Нью-Жерси мужийн Неварк хотноо 1963 оны наймдугаар сарын 9-нд урлагийн гэр бүлд төрж өссөн Уитнигийн амьдралын төөрөг бурхнаас ивээгдсэн байжээ. Нэрд гарсан дуучин Сисси Хьюстоны охин тэрбээр нагац эгч Ди ди Варвик болон Дионь Варвик гээд олны танил болсон шилдэг уран бүтээлчдийн залгамжлагч нь байж чадсан юм. Уитнигийн ээж болон нагац эгч нар нь түүний зүрх сэтгэл, хүсэл тэмүүллийг төрсөн цагаас нь эхлэн дуу хөгжимтэй холбож, сүмийн найрал дуунд “уруу татжээ”. Өсвөр насанд хүрэхэд Уитни хэдийнэ Нью-Йоркийн тайзнаа гараад амжчихсан, тухайн үед нэрд гарч байсан Michael Zager, Chaka Khan, Herbie Mann, the Neville Brothers, Bill Laswell’s Material гээд олон тооны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад үзчихсан байв. 1983 онд Уитни Хьюстон Нью-Йорк хотын нэгэн шөнийн клубт дуулж байхыг харсан “Artista Records” студийн Клайв Дэвис түүний авьяасыг олж харснаар, гэрээ байгуулж, улмаар нэр алдрын оргил өөд мацаж эхэлжээ. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж, шоу бизнест хэдийнэ хөлөө олчихсон байсан томоохон студитэй гэрээ байгуулсан дуучин бүсгүй анхныхаа цомгийг гаргах гэж хоёр жил гаруй шаргуу хөдөлмөрлөсөн бөгөөд тэр их зүтгэл нь талаар өнгөрсөнгүй. 1985 оны гуравдугаар сард худалдаанд гарсан өөрийнхөө нэрээр нэрлэсэн цомог нь нэр хүнд, ашиг орлого дагуулж, уг цомогт багтсан “You Gave Good Love” дуу нь гурван долоо хоног дараалан хит дууны чартыг тэргүүлж, “Saving All My Love For You”, “How Will I Know” болон “The Greatest Love of All” зэрэг дуу нь Уитнид Грэмми авчраад зогсохгүй, тухайн үеийн хөгжмийн ертөнцийн төдийгүй нийгмийн чиг хандлагыг тодорхойлж байв. Уитни Хьюстонг авьяаслаг, чадварлаг дуучин гэдгийг олон нийтэд таниулсан “Уитни Хьюстон” цомог зөвхөн Америкт 12 сая хувь борлогджээ.
1987 оны зургадугаар сард тэрбээр “Уитни” нэртэй хоёр дахь цомгоо фенүүддээ хүргэв. Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын тэргүүлж, “I Wanna Dance With Somebody” дуу нь Грэммийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн “Didn’t We Almost Have It All”, “So Emotional”, “Where Do Broken Hearts Go” зэрэг дуу нь хит дуугаар шалгарч, домогт “Beatles”, “Bee Gees” нарын амжилтыг эвджээ. 1990 оны сүүлээр Уитнигийн гурав дахь цомог болох “I’m Your Baby Tonight” худалдаанд гарсан бөгөөд энэ удаад Уитни нэгэн хэвийн байдлыг эвдэж, хэмнэлтэй гэхдээ зөөлөн баллад дуунуудаас гадна хурдан темптэй дэнс чиглэлийн дуунуудыг цомогтоо багтаасан байв. Түүний амжилтын буухиа үргэлжилсээр, ар араасаа хөвөрсөн шагнал түүнээс тасарсангүй.
1980-аад оны дундуур америк хөлбөмбөгийн супер од Рэндэлл Каннингхэм, жүжигчин Эдди Мерфи нартай нэр холбогдож явсан дуучин Уитни 1989 оны “Soul Train Music Awards”-ын үеэр R&B дуучин Бобби Браунтай танилцаж, дотно харьцаатай болжээ. Гурван жилийн турш нэр холбогдож, хамт амьдарсан хосууд 1992 оны долдугаар сарын 18-нд гэрлэж, удалгүй жилийн дараа Хьюстон амаржиж, Бобби Кристина Хьюстон Браун гэх охиноо төрүүлсэн байна. Харин энэ үед Бобби хэд хэдэн удаа шүүхийн хаалга татаж, шоронд ч суугаад амжив. Шил шилээ даган цуврах амжилт, алдар хүндийн оргилд байсан Уитнид Роберт де Ниро, Квинси Жонс, Спайк Ли нарын Холливудын шилдэг уран бүтээлчдээс киноны санал ирж байсан ч дуучин бүсгүй цаг нь болоогүй хэмээн татгалзсаар байжээ. Гэхдээ эцсийн дүнд тэрбээр Холливудын нэрт жүжигчин Кевин Костнертэй хамтран “Бие хамгаалагч” киноны гол дүрд тоглосон нь түүний үнэнч шүтэн бишрэгчид, үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэмж хүртэж, кино нь box office-ыг тэргүүлээд зогсохгүй “Bodyguard” цомог нь Грэммийн наадмаас “Шилдэг цомог”-ийн шагнал хүртжээ. Уитнигийн дуулсан зургаан дуунаас бүрдэх уг цомог дэлхий даяар 42 сая хувь зарагдсан байна. Амжилт дагуулсан “Бие хамгаалагч” киноны дараа тэрбээр “Waiting to Exhale”, “The Preacher’s Wife” гэх хоёр кинонд тоглож, өөрөө киноныхоо саундтрекийг дуулж, өөрийн хүслэн болсон сүмийн найрал дуунаас бүрдсэн цомгоо бичүүлжээ. Улмар 1997 онд Уитни “Уолт Дисней”-н “Үнсгэлжин” кинонд шидэт дагинын дүр бүтээсэн нь бяцхан үзэгч, сонсогчдыг байлдан дагуулсан юм. Багагүй хугацаанд кинонд тоглож, киноны саундтрекээс бүтсэн цомог гаргаж байсан Уитни дараа жилийнхээ арваннэгдүгээр сард Клайв Дэвистэй хамтран продюсерлэсэн “My Love Is Your Love” цомгоо гаргажээ. Грэммийн шагнал хүртсэн “It’s Not Right But It’s Okay”, “When You Believe”, “My Love Is Your Love”, “I Learned From The Best” зэрэг олон хит дууг багтаасан түүний долоо дахь цомог бараг хоёр жилийн турш хитээр шалгарч, Австри, Бельги, Канад, Англи, Франц, Япон, Солонгос, Өмнөд Африк, Сингапур гээд дэлхийн өнцөг булан бүрт борлуулалтаараа тэргүүлж байв. Гайхамшигтай гэмээр амжилт дагуулсан цомгийн нэрээр нэрлэсэн аялан тоглолтоо Уитни зохион байгуулж, дэлхийн 70 хотоор аялан тогложээ.
 1980 болон 90-ээд онд ид гялалзаж, “сайн охин” байсан Уитнигийн дүр төрх, зан авир 90-ээд оны сүүлч болоход эрс өөрчлөгдөв. Ярилцлага, зураг авалт, хоолойны бичлэгээс хэдэн цагаар хоцорч, тоглолтоо цуцалж, телевизийн нэвтрүүлэгт оролцох хуваариа үргэлж мартаж, хайнга хандах болжээ. Дээр нь ихэд турж, Уитнийг мансууруулах бодис хэрэглэх болж, бүр донтсон гэх мэдээ цацагдаж эхэлсэн байна. Энэ яриа түүний нөхөр Боббид ч хамаатай байв. 2000 онд Уитни нөхрийнхөө хамт Хавайн нисэх онгоцны буудалд байх үед нь цагдаа нар тэдний гар тээшнээс мансууруулах бодис илрүүлсэн боловч тэд албаны хүмүүсийг ирэхээс өмнө онгоцонд суугаад хэдийнэ нисчихсэн байж. Хэдийгээр хэрэг явдал тэгс ингэсхийгээд өнгөрсөн боловч хосуудыг тойрсон хар тамхины яриа, элдэв мэдээлэл тасарсангүй. Тэр явдлаас хоёр сарын дараа Уитниг алдрын өөд аваачсан Клайв Дэвисийн “Rock & Roll”-ын Алдрын танхимд нэрээ мөнхлөх ёслол болоход Уитни ая дуугаа өргөх байсан боловч ёслолын ажиллагаанд очоогүй байна. Түүний дараахан Оскарын наадамд дуулах ёстой байсан ч найруулагч нь түүний хуваарийг цуцалжээ. Хэдийгээр шалтгаан нь тодорхой бус байсан, дээр нь Уитнигийн хэвлэлийн төлөөлөгч хоолой нь өвдсөн хэмээн мэдээлсэн ч хар тамхитай холбоотой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байв.
2001 оны наймдугаар сард Уитни хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг “Arista/BMG” студитэй байгуулжээ. Тэрбээр гэрээгээ шинэчилж, 100 сая ам.доллар, зургаан цомог гаргах нөхцөлтэйгээр гэрээнд гарын үсэг зурсан байна. Удалгүй тэр Майкл Жэксоны уран бүтээлийн 30 жилийн ойн баярт оролцож, ая дуугаа өргөсөн бөгөөд хэтэрхий туранхай Уитни хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаар ийнхүү турж, эцсэн гэх ярианд өртлөө. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч гэр бүлийн дарамт, тайван бус байдлаас болоод стресст орсон учир хоол унданд тааруу байгаа гэх тайлбар өгчээ.
Мансууруулах бодис, хар тамхитай холбоотой яриа аажмаар намжиж, 2002 оны арванхоёрдугаар сард “Just Whitney” нэртэй түүний ээлжит цомог худалдаанд гарч, улмаар 2003 онд зул сарын баярт зориулсан “One Wish: The Holiday Album” гэх цомог нь шүтэн бишрэгчдийнх нь гар дээр очжээ. Хэдийгээр хувийн амьдрал нь ээдрээтэй, элдэв хэл ярианд өртөж байсан ч Уитнигийн цомог өндөр үнэлэмж хүртэж, багагүй ашиг орлого авчирсан байна.
2004 оны эхээр Уитнигийн нөхөр Бобби Браун “Being Bobby Brown” нэртэй реалити шоугаа телевизээр цацаж, харин уг шоу Уитнигийн хувьд хар бараан талыг нь гаргасан “дэмий зүйл” болж хувирчээ. Олон нийт ч гэсэн түүнийг чухам ямар учраас реалити шоунд тоглох болсныг ихэд гайхсан аж.
Багагүй хугацаанд янз бүрийн хэл ам, хов живийн бай байсан Уитни 2006 оны есдүгээр сард Бобби Браунаас салж, тусдаа амьдрах болсон бөгөөд шүүх тэдний гэрлэлтийг 2007 оны дөрөвдүгээр сарын 24-нд албан ёсоор цуцалсан байна. Харин Хьюстон охиноо асран халамжлах эрхийг өөртөө авчээ. Тэр жилдээ Уитни эртний хамтрагч болох Клайв Дэвисийн хамт шинэ цомгийн ажилдаа орж, 2009 оны наймдугаар сарын 31-нд “I Look To You” нэртэй шинэхэн цомог нь худалдаанд гарч, гарсан даруйдаа Billboard-ын жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн юм. Эхний долоо хоногтоо 305 мянган хувь борлогдсон уг цомог Billboard-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлж, Уитни дахин нэр алдрын оргилд мандаж эхлэв. Тэрбээр бүхэл бүтэн долоон жилийн дараа ярилцлага өгч, алдарт Опра Уинфригийн ток шоунд оролцжээ. Опратай чин сэтгэлээсээ ярилцсан тэдний ярилцлага хамгийн ихээр олны анхаарлыг татаж чадсан хөгжмийн ертөнцийн ярилцлагаар нэрлэгдсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж