Өмнөговь аймгийн онцгой комиссоос нэгдүгээр сарын 5-нд Тавантолгой, Оюутолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уул уурхайн аж ахуйн байгууллагуудын ажилчид, жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өөрийн аймгийн үндсэн харьяат биш бол орон нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Цагдаагийн байгууллагаас бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар Covid-19 халдварын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, дараах зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдэд тус, тус зөрчлийн хэрэг нээн, мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл.
- Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана,
- Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ,
- Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй,
- Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ