“Энэ жилийн тренд нүүр будалтад неон өнгөнүүд орж ирлээ” | News.MN

“Энэ жилийн тренд нүүр будалтад неон өнгөнүүд орж ирлээ”

“Энэ жилийн тренд нүүр будалтад неон өнгөнүүд орж ирлээ”

“Энэ жилийн тренд нүүр будалтад неон өнгөнүүд орж ирлээ”

Эмэгтэй хүн бүр гоо үзэсгэлэнгээ тодотгохыг хүсдэг. Тиймээс нүүрээ будах нь охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, эрч хүч, дотоод ертөнцөө илэрхийлэх боломжийг өгдөг. Энэ жил тод неон өнгөнүүд нүүр будалтад хүчтэй орж ирж буй. Мөн хэзээ ч моданаас гарахгүй хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээрээ байгаа тухай нүүр будагч Б.Энхчимэг онцлон хэлсэн юм. Тэрбээр Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг "OMC Hair world" буюу дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ.


-Монгол Улсаа төлөөлөн нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Мэдээллийн News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Таны хувьд нүүр будалт хийхдээ эхлээд юуг анхаардаг вэ?

-Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Өөр өөрийн онцлог төрхтэй. Та нүүр будалтаар яаж л бол яаж л хувирч болно. Нүүр будалт дотроо маш олон төрөл. Тухайн нөхцөл байдалд нь тохируулж будах нь хамгаас чухал. Бидний өдөр тутмын нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр, танихгүй болгох биш. Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж боддог. Тиймээс натурал нүүр будалтыг илүү чухалчилдаг.

-Ер нь эмэгтэй хүн хэдэн наснаасаа нүүрээ будах нь зохимжтой байдаг бол?

-Одоо харьцангуй нүүр будах нас залуужаад байна. Манай охидууд нэг үеэ бодоход маш мэдрэмжтэй, тухайн нөхцөл байдалдаа тохируулаад нүүрээ будчихдаг болсон. Мэдээж ямар нэгэн мэргэжлийн зөвлөгөөгүйгээр буруу бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь хор нөлөөтэй.

 Гэхдээ сүүлийн үед өсвөр насны охидтой ээжүүд багаас нь зөв бүтээгдэхүүнээ хэрэглэж, арьсаа зөв арчлах тал дээр нь илүү анхаардаг болсон. Бүтээгдэхүүн сонголт тал дээр ч өсвөр насныханд зориулсан химийн найрлага багатай, органик бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэх болсон. Өмнөхөөсөө илүү мэдээлэл, мэдлэгтэй болсон учраас санаа их зовохгүй байгаа.

Нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. 2021 оны тренд будалтаас сонирхуулахгүй юу?

-Гоо сайхны салбар цаг, минутаар шинэчлэгдэн хөгжиж, шинэ шинэ трэндүүд гарч байдаг салбарын нэг. Монгол Улс маань хэдийнэ дэлхийтэй хөл нийлүүлэн алхдаг болж, үнэлэгдэж эхэлж байна. Бид чадаж байна. Энэ тэмцээн маань тухайн жилийн нүүр будалтын өнгө төрхийг илэрхийлдэг. Энэ жил неон өнгөнүүд нүүр будалтад хүчтэй орж ирж байгаа. Мөн хэзээ ч моданаас гарахгүй хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээрээ байна.

Өнгөний хувьд зөөлөн, дулаан тонтой өнгөнүүд, завсрын пастел өнгөнүүд их ашиглагдаж байгаа. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд монгол залуучуудаас минь гарна гэдэгт 100 хувь итгэж байна.

-Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд нүүрээ будахаас илүүтэй мэс ажилбар хийлгэх хандлага ажиглагдах болсон. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Үүн дээр ямар нэгэн байдлаар буруу, зөв гэж хэлэх боломжгүй санагддаг. Бүсгүй хүн өөрсдөдөө таалагдаж байж, үүнээсээ эрч хүч, өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Нүүр будалтаар та ямар ч өө сэвийг нууж, ямар ч дүрд хувирах боломжтой. Чаддаг бол будаад л яваг. Магадгүй танд энэ төвөгтэй байвал өөр сонголтуудаас сонгоорой. Энэ бол хувь хүний сонголтын л асуудал гэж боддог. Гол нь мэс засал гэдэг насан туршийнх учраас хийлгэх газар, эмчийнхээ талаар маш сайн судалгаатай, няхуур хандаарай гэж зөвлөмөөр байна.

-Нүүр будаг үнэтэй, брэндийн байснаараа сайн үйлчилгээтэй байдаг гэх хандлага бий. Эмэгтэйчүүд нүүр будгаа сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

-Бүтээгдэхүүн үнэтэй байвал л сайн гэсэн ойлголт байхаа больж байна. Үнэтэй бүтээгдэхүүнүүд реклам зар сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодолдоо дийлэнхийг нь зарцуулдаг гэсэн судалгаа ч байдаг. Хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний орц найрлага байх ёстой.

Бид нэг үеэ бодоход харьцангуй сайн мэдээлэлтэй болсон, өөрсдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүн, түүний найрлаганд маш нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай. Гол нь өөрийн арьсны онцлогоо тодорхойлж мэдэж аваад түүнд тохирсон найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал.

-Нүүр будалтаас илүү арьс арчилгаа чухал гэдэг. Будагтай нүүрээ тогтмол цэвэрлэхгүй байх нь арьсанд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Арьс эрүүл байдлаа алдаж маш хурдан хөгшрөлтийн процесс явагдана. Цэвэрлэгээ дутуу хийснээс болж арьсны асуудлуудын 80 хувь үүсдэг гэж үздэг. Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж элдэв, асуудалгүй арьсан дээр будалт хийх мэдрэмж ямар гоё байдаг билээ. Бүсгүйчүүдийн гол анхаарах зүйлс гэвэл, арьсаа дутуу цэвэрлэдэг, буруу бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй.

Өөрөө судалж биш хүмүүсийн ам дамжсан яриагаар худалдан авалт хийдэг гэх мэт олон шалтгаанууд байдаг. Монгол орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, орчны бохирдол гээд олон хүчин зүйлүүдээс болоод байнгын хамгаалалт, арчилгаа шаарддаг шүү. Арьсаа гоё эрүүл болгоод араас нь өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн ашиглан будалтаа хийж байгаарай.

– Сүүлийн үед охид, бүсгүйчүүд Солонгос оддыг дууриаж, нүүрээ будаж байгаа харагддаг. Ер нь монгол эмэгтэйчүүдэд зохимжтой нүүр будалт гэж бий юу?

-Хүн бүрийн царай төрх ондоо. Танд байгалиас заяасан давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Дан ганц Монгол эмэгтэй гэхгүйгээр хүн бүрийн хувьд өөрт нь тохирсон будалт гэж байгаа. Цаанаасаа мэдрэмжтэй өөртөө тохируулаад буддаг хүн ч байна, огт чаддаггүй хүн ч байна.  Нэг будалт өөр хүнд гоё харагдлаа гээд би яг ингэж харагдана гэсэн үг ч бас биш. Тэгэхээр өөрийн онцлог, нүүрний хэлбэр, зохидог өнгө гэх мэт зүйлүүдээ мэдэж авах хэрэгтэй. Сүүлийн үед интернет орчноор дамжуулан маш олон хичээл, бичлэг, мэдээллүүд хийдэг болсон.

Дуурайгаад будаж чадаж байгаа бол дуурайх л хэрэгтэй. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл л чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод л байвал алхам алхмаар сайжраад л байна.  Суурь мэдлэг гэдэг чухал учраас мэргэжлийн хүнээс нэг удаадаа зөвлөгөө авахыг санал болгомоор байна. Яг л өөрийн царай төрхөд чинь тохируулан будалт хийж өгөх нь нүүр будагчдын гол зорилго байдаг.

-Та Монголд үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү?

-Би өөрөө “EEGII COSMETICS” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Дийлэнхдээ өөрийнхөө брэндийг хэрэглэнэ. Манайх ялгаа нь Солонгос улсад үйлдвэрлэгддэг. Мэдээж тоног төхөөрөмж, үндсэн түүхий эд, сав баглаа боодлоос авхуулаад яг Монголдоо үйлдвэрлэх боломж хараахан байхгүй байгаа. Ойрын 10 жилийн төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Монголд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд маш их хөрөнгө мөнгө, хичээл зүтгэлээр босч байгаа учраас аль болох дэмжиж үйлчлүүлэхийг хичээдэг.

-Таныхаар нүүрээ будаагүй эмэгтэйг зүйрлэж хэлбэл?

-Ер нь бол заавал хүн болгон будах албагүй л дээ. Заавал будаарай ч гэж хэлэхгүй. Хувь хүний сонголт, үзэл бодол юм уу даа. Гэхдээ орчин үед байгаа орчин нөхцөлдөө тохируулаад өөрийгөө будаж чаддаг байх нь бас нэг талын чадвар, үзүүлэлт болчихсон байгаа. Бид нүүрээ зүгээр л нэг будаад, олон янзын юм хольж түрхээд байгаам биш будалтаар бид арьсаа хамгаалдаг болсон, хэн нэгэнд таалагдах гэхээсээ илүүтэйгээр өөртөө таалагдаж, өөртөө итгэлтэй байдаг болсон.

Эцэст нь охид бүсгүйчүүддээ хандаж зөвлөгөө өгөөч?

-Ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулах, хичээж зүтгэж байгаа цагт шагнал нь нэг л өдөр хүрээд ирдэг юм байна.  Миний хувьд нэг будалт хийгээд л Дэлхийн аварга болчихож байгаа зүйл огтоосоо биш. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн зүтгэсний минь хариу гэж бодож байгаа. Хүн бүрт өөрт оногдсон амьдралын цаг хугацаа гэж байгаа. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэйгээр ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай, Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай гэж хэлмээр байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ТэнэглэлТэнэглэл
19
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-08 66.181.161.92

зээлсэн мөнгөө өгөөч ггичий мин

Avatar

Зочин 2021-01-08 98.253.30.34

Tsermaa chinii naad uruul deerhi menge chand ih zohijee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж