
Энэ асуултын хариулт тодорхойгүй байгаа. Улмаар хөрөнгө оруулагч хийгээд монгол хүн хоёрын хэн нь урьтаж ашиг хүртэх нь бүр ч ойлгомжгүй. Оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хийх эрх хүртэж, өдгөө олон улсын хөрөнгийн зах зээлд ашгийн үүдээ нээгээд буй “Рио Тинто” хийгээд “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханшийн мэдээллээс харвал тэд олз олж анхны шангаа татжээ. Учир нь Нью-Йорк, Австрали, Лондонгийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш ямагт өсөлттэй байгаа. Мэдээж дэлхийн уул уурхайн салбарыг тэргүүлдэг гэдэг утгаараа ашиг нь өсч буй гэдгийг тооцож болох ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын эрх нь хувьцааны ханшийн өсөлтөд далайд дусал нэмэр гэгчийн үлгэрээр үзүүлэлт нэмж байгааг үгүйсгэх аргагүй. Харин “Айвенхоу майнз”-ын хувьд хамгийн том орд, эдийн засгийн хамгийн эерэг үр дүнг өгөх боломж нь яах аргагүй Оюутолгой. Иймээс ч өнгөрсөн хугацаанд 3-5 ам.долларт эргэлдэж байсан хувьцааны ханш нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас эхлэн тогтмол өсч, өдгөө 18 орчим ам.доллараас буухгүй болжээ. Энэ бол хөрөнгө оруулагч тал урьтаж ашиг хүртдэг бодит жишээ. Мэдээж хөрөнгийн зах зээлээс олсон орлого нь Оюутолгойг ашиглах санхүүжилтийн нэг хэсэг болно гэдгээр тооцож болох ч энэ бол монголчууд өнөөдөр Ашигт малтмалын хуульд заасан 10 хувийг нь эзэмших ёстой гэдэг заалт аль хэдийнэ замхарсан гэдэг талаас нь үзвэл манайхан орд эдийн засгийн эргэлтэд орох үед л ашиг хүртэх юм. Гэхдээ энд Засгийн газрын ирээдүйд Оюутолгойгоос олох ашгаасаа зээлсэн 250 сая ам.долларыг ч бас үгүйсгэж болохгүй биз. Хэдийгээр тэрхүү зээлийг “Хүний хөгжлийн сан” гэгчээр монголчуудад сонгуулийн амсуурга төдийгөөр үрэн таран хийгээд дууссан ч улстөрчдийн тайлбарлаж буйгаар бол цагаан сар тэмдэглэхэд буюу бууз амталж, ул боов худалдаж авахад ихээхэн тустай байсан гэж байгаа.
Эндээс Оюутолгойн ашгийг ерөнхийд нь хөрөнгө оруулагчид бүхэл бүтэн орд босгох санхүүжилт чадаж байхад монголчууд цагаан сараа тэмдэглэхэд хачир худалдаж авсан гэдгээр харьцуулж болно. Инээдтэй санагдах энэ хоёр ашгийн эцсийн тохиролцоо нь ерөнхийдөө улстөрчдийн бодож олсон тун хэмжээ байх нь тодорхой биз. Ойролцоогоор 16 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй хэмээн хөрөнгө оруулагчдынх нь тодорхойлоод буй уг ордын ирэх 2013 оноос ашиглаж эхэллээ гэхэд монголчууд ажилтай болно. Үүнийг “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн шав тавьсан мэдээнээс тодорхой хэмжээгээр харж болно. Ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алтны баяжуулах үйлдвэрийн барилгыг барих хугацаанд 3000 хүн ажилтай болно гэсэн урьдчилсан тооцоо бий. Мэдээж үйлдвэрлэл, олборлолт, боловсруулалт эхлэхээр Өмнөговийн бүс нутагт бусад стратегийн ач холбогдол бүхий ордыг холбох хотхон бий болж, улмаар 50 мянга гаруй хүн байнгын оршин суух тогтвортой шинэ хотын иргэн болох урьдчилсан мөрөөдөл бий. Үүнд Тавантолгой ч хамаарч байгаа.
Гэтэл саяхан УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэрэн дээрээ 2000 гаруй хүн ажиллаж байгаа гэж хэлж байгаа ч бодит байдал дээр 300 орчим монгол ажиллаж байсан” гэдэг мэдээлэл түгээсэн. Эндээс мөнөөх ашиг хүртэж, Оюутолгойгоос амьдралаа залгуулах хүсэлтэй олон мянган монголчуудын хувьд дээр дурдсан мөрөөдлийн сайн сайхан нь үнэн эсэх эргэлзээтэй болж мэдэх юм. Учир нь төрийн албанаас түгээсэн тод үсгээр бичсэн төлөвлөгөөнд итгэхэд хэцүү болсон нь энэ. Мөн хөрөнгө оруулагчийн хувьд ч ажилчид авах сонгон шалгаруулалт зарласан ч “Одоохондоо хятад ажилчид хэрэгтэй байна” гээд үнэмшихгүй байхын аргагүй гарцаагүй үндэслэл сөхөөд гаргаад ирвэл Монголын Засгийн газарт хориглох эрх байхгүй. Учир нь улстөрчид хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа зээл авсан уу гэвэл авсан, түүнийгээ үрж дууссан уу гэвэл тэгсэн гэдэг хариулт өгөхийг та бид мэднэ.
Тэгвэл Тавантолгойн хувьд асуудал хаашаа эргэх вэ. Мэдээж хөрөнгө оруулагч хийгээд монголчуудад ирэх ашгийг нь тооцвол шүү дээ. УИХ-ын гишүүдийн хувьд Тавантолгойн лицензийг төр эзэмшиж байгаа учраас монголчууд мөнхийн ашиг хүртэгч байна гэнэ. Нэгэнт ашиглах нь тодорхой болсон ордыг мөнхийн ашиг хэмээн тайлбарлаж буй нь сохор хүнийг сохор биш гэж буйтай адил хэрэг. Дээр нь Оюутолгойгоос урьтаж Тавантолгой монголчуудад ашгаа өгнө гэх зарим нэгэн тайлбар монголчуудад үл ойлгогдох байдал үүсгээд байгаа. Нэгэнт үйл ажиллагааг нь эхлүүлсэн Оюутолгой яагаад Тавантолгойн ард үлдэв гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас тэр. Мөн Тавантолгойд хэн хөрөнгө оруулах нь ч тодорхой бус байгаа. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын Японд хийж буй айлчлалын мэдээнээс харахад япончууд Тавантолгойн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой гэдгээ мэдэгджээ. Өдгөө уг ордын лицензийг төрийн нэрийн өмнөөс эзэмшиж буй “Эрдэнэс МГЛ” компанид ирүүлсэн гадаадын хөрөнгө оруулагч дунд ч Японы корпораци бий. Мөн ойрын хугацаанд Монголд ирсэн Энэтхэг, Германы хөрөнгө оруулагчид ч Тавантолгойд хамтрах зорилгоо илэрхийлсэн. Харин монголчуудын хувьд ирээдүйн эдийн засгаа мөн л томоор тодорхойлж байгаа.
Хөрөнгө оруулагчид ч “Австралийн нүүрсний зах зээлийг Монголын нүүрс эзлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байна. Энэ нь Австралийн төрөөс тогтоосон 40 хувийн гэнэтийн өсөлтийн албан татвартай холбоотой тайлбар. Үүнийг нь манай улстөрчид ч аман уншлага бүхий мөрөөдлийнхөө нэг хэсэг болгон сонгогч олныхоо тархийг угаахаа мартаагүй. Эдийн засгийн суга үсрэлт хийгээд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос боловсруулсан гайхамшигтай тоон үзүүлэлт эцсийн бүлэгт монголчуудын амьдралд тус хүргэх үү. Инфляци гэдгийнхээ утгыг ойлгохгүй ч, улстөрчдийн амны уншлага болсон дээрх үгээр амьдрал нь хэмжигдээд байна хэмээн ойлгож “Энэ инфляци арай хэтэрлээ” хэмээх жирийн иргэдийг хэдээ болтол ийн төсөөллийн хязгаар руу нисгэх нь ойлгомжгүй байна.
Удахгүй Тавантолгойн ордыг ашиглалтад оруулахад оператор компанийн эрх эдлэх гадаадын хөрөнгө оруулагчид улстөрчдийн хүсч буй шиг 500 саяас хоёр тэрбум төгрөгийн зээл монголчуудад өгөх үү. Тэрхүү зээлийг ирээдүйн ашгаас нь урьдчилж өглөө гэхэд ирэх 2012 оны сонгуулийн өмнө Ардчилсан нам хийгээд МАХН хоёрын ялалтын баярын бялуу хэлбэрээр л иргэд амсаад өнгөрнө. Нэг ёсны дээрх хоёр ордын жишиг, хийгээд цаасан дээрх төлөвлөгөөнөөс харахад ашгийг нь хөрөнгө оруулагчид хүртэх ёстой эрхийнхээ хүрээнд хүртэнэ. Харин монголчуудад ирэх ашгийг нь МАХН болон Ардчилсан намын улстөрчид л эрх мэдлийн олз ашиг болон хөлжинө. Өөрөөр хэлбэл жирийн иргэд ердөө л 1.5 сая төгрөгийг олон жилийн турш хувааж идэх амин дэм мэт бодсоор итгэлээ алдаж мэдэх юм. Товчхондоо бол Оюутолгой, Тавантолгойн аль алиных нь ашиг иргэдээ хол хөндийхөн хуурч, ард түмэн мөрөөдлийнхөө төлөөсөнд мөрөөдлөө вирустуулсаар он цагийг илээх биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин