2020 оны хамгийн их ашиг орлого олсон 30 тамирчин

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

2020 оны хамгийн их ашиг орлого олсон 30 тамирчин

2020 оны хамгийн их ашиг орлого олсон 30 тамирчин

Цар тахлын улмаас дэлхийн спортын томоохон тэмцээн уралдаанууд хойшилж, цуцлагдаж, мөн томоохон мэргэжлийн байгууллага, багууд санхүүгийн хямралд орсоноо зарласан жил болж өнгөрлөө. Энэ удаад та бүхэндээ 2020 онд хамгийн их ашиг орлого олсон 30 тамирчинг хүргэж байна. Спортоор нь ангилж үзвэл, сагсан бөмбөгийн тамирчид уг жагсаалтанд олноор бичигдсэн  бол талбайн теннис, хөлбөмбөг, америк хөлбөмбөгийн тамирчид багагүй хувийг эзэлжээ. Доорх 30 тамирчны дунд ганцхан эмэгтэй тамирчин байгаа нь Япон теннисчин Наоми Осака. Харин мэргэжлийн холимог тулааны урлагаас Ирланд тулаанч Конор МакГрегор ганцаараа жагсаалтанд багтжээ.

  • 1. Рожер Федерер – 106.3 сая ам.доллар

Мэргэжлийн талбайн теннисний өнөө цагийн гурван хаадын нэг Швейцарь цаг хэмээн олноо алдаршсан Рожер Федерер 2020 онд өвдөгний бэртлийн улмаас нэг ч цом хүртэж чадаагүй. Гэвч тэрбээр 2020 оны дэлхийн хамгийн их ашиг орлого олсон тамирчдын жагсаалтыг тэргүүлж, энэхүү жагсаалтын манлайд бичигдсэн анхны талбайн теннисний тамирчин болжээ. Өдгөө 39 настай Федерер 2020 онд нийт 106 сая ам.долларыг тэмцээнд оролцсон урамшууллын мөнгө, шагнал, зар сурталчилгаа, томоохон компаниудтай байгуулсан гэрээнээсээ олжээ. Тодруулбал, тэрбээр Rolex, Barilla, Mercedes-Benz, Uniqlo зэрэг томоохон компаниудаас 3-30 сая ам.долларын орлого олжээ.

Рожер Федерер 10 жилийн 300 сая ам.долларын гэрээг Uniqlo брендтэй байгуулсан.

  • 2. Кристиано Роналдо – 105 сая ам.доллар

Ювентус болон Португалийн шигшээн од Кристиано Роналдо долоон жил дараалан хамгийн их ашиг орлого олсон тамирчдын жагсаалтанд эхний гуравт бичигдлээ. Роналдо хөлбөмбөгөөс 60 сая ам.доллар олсон бол Nike, Herbalife, Unilever, DAZN зэрэг дэлхийн компаниудаас хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд 45 гаруй сая ам.долларыг олжээ. Мөн тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын олон улсын элч төлөөлөгч бөгөөд тамирчид болон бизнесменүүдийг Дубайд амьдрах, хөрөнгө оруулалт хийхэд нь нөлөө үзүүлдэг гэнэ.

Кристиано Роналдо инстаграм дээр 250 сая дагагчидтай болсон анхны хүн юм.

  • 3. Лионель Месси – 104 сая ам.доллар

2020 оны наймдугаар сард бараг л Барселона багаасаа явах дөхсөн Лионель Месси 80 сая ам.долларыг багтайгаа байгуулсан гэрээнээсээ олж, 2020 оны хамгийн өндөр цалин, урамшуулал авсан хөлбөмбөгийн тамирчин болсон юм. Мөн тэрбээр Кристиано Роналдогийн араас хөлбөмбөгийн спортоос төрсөн хоёрдахь тэрбумтан болсныг нь дурдах хэрэгтэй. Ирэх зун Барселона багтай байгуулсан гэрээ нь дуусгавар болох Аргентин эрийн хувьд Adidas, Gatorade, Pepsi, Mastercard, Gillette, Turkish Airlines зэрэг тив дэлхийн компаниудтай гэрээтэй ажилладаг.

  • 4. Леброн Жэймс – 99.2 сая ам.доллар

Өнгөрсөн жил NBA-ийн дөрөвдэх аваргын цомоо хүртсэн Леброн Жэймс Лос Анжелес Лэйкерс багтай байгуулсан гэрээнээсээ 37 сая ам.долларын цалин авсан бол Nike, Beats, Coca-Cola, KIA Motors, GMC, HBO зэрэг компаниудаас 60 гаруй сая ам.доллар хүртсэн гэнэ. Леброн Жэймс олдог шигээ мөн зарцуулж чаддаг бөгөөд тэрбээр хүмүүнлэгийн сайн үйлст их хэмжээний мөнгө хандивласан тухай албаны хүмүүс мэдээлж байна.

  • 5. Неймар – 95.5 сая ам.доллар

Араб тэрбумтаны эзэмшдэг Францын ПСЖ багтай таван жилийн 350 сая ам.долларын гэрээ байгуулсан Неймар өдгөө дэлхийн гуравдахь хамгийн их ашиг орлого олдог хөлбөмбөгчин болжээ. Фэйсбүүк, инстаграм, твиттер дээрээ нийт 244 сая дагагчидтай Бразил хөлбөмбөгчин маань 2020 оны төгсгөлд Жордан брендтэй байгуулсан 11 жилийн гэрээндээ цэг тавьж, Пума брендтэй гэрээ байгуулсан. Тэрбээр одоог хүртэл Beats, DAZN, Electronic Arts, Mastercard, Gillette, Red Bull зэрэг брендүүдтэй хамтран ажилладаг билээ.

  • 6. Стефен Көрри – 84.4 сая ам.доллар

Хэдийгээр өнгөрсөн улиралд гараа хугалж, талбайд гараагүй ч Стефен Көрри АНУ-ын хамгийн өндөр буюу 40.2 сая ам.долларын цалин авсан мэргэжлийн спортын тамирчин байлаа. Тамирчны замналынхаа эхэн үед шагайны гэмтлээсээ болж хангалттай цалин авч чаддаггүй байсан тэрбээр 2017 онд хөдөлмөрөө үнэлүүлж, Голден Стэйт Уорриорс багтайгаа таван жилийн 201 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Стефен Көрри 2021 онд 43 сая ам.долларын цалинг багаасаа авна.

Under Armour брендийн нүүр царай Көрри саяхан наймдахь нэрийн пүүзээ худалдаанд гаргасан. Үүнээс гадна өдгөө 32 настай тэрбээр Callaway Golf, Chase banks, Steiner Sports Memorabilia зэрэг компаниудаас жилийн 44 сая ам.долларыг хамтарч ажилласныхаа төлөө авдаг аж.

  • 7. Кевин Дюрант – 73.1 сая ам.доллар

Нью-Йорк хотын Брүүклин Нетс баг өнгөрсөн жил гэмтлийн улмаас бүтэн тоглоогүй Кевин Дюрантад 38 сая ам.долларыг үнэгүй бэлэглэсэн. Гэвч дэлхийн сагсан бөмбөгийн супер одыг дөрвөн жилийн 164 сая ам.доллараар багтаа элсүүлсэн Брүүклин Нетс баг энэхүү алдагдлаа зар сурталчилгаа, борлуултаараа нөхсөн нь мэдээж. Nike, Footlocker, Degree брендүүдийн нүүр царай Дюрант 40 гаруй төрлийн компанид хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Мөн тэрбээр гэмтэлтэй байх хугацаандаа ESPN, Apple, Showtime, Youtube зэрэг медиа компаниудтай хамтран ажиллаж, багагүй ашиг олжээ.

  • 8. Льюис Хэмилтон – 72 сая ам.доллар

2020 онд Формула-1 дэлхийн гран-пригийн долоо дахь түрүүгээ хүртэж, домогт Михаэль Шумахертай тэнцэж ирсэн Льюис Хэмилтон өнгөрсөн жил Мерседес Бенз багтай байгуулсан гэрээнийхээ сүүлийн жилд 40 сая ам.долларын цалинг хүртсэн. Одоогоор баг нь түүнтэй шинэ гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Хэмилтон өнгөрсөн жилийн богиносгосон Формула-1 дэлхийн гран-пригийн 17 гарааны 11-т нь түрүүлсэн билээ.

Льюис Хэмилтон сүүлийн дөрвөн жил дараалан Формула-1 дэлхийн гран-прид түрүүлээд байна.

Дэлхийн хамгийн хурдан нисгэгчийг Bose, Tommy Hilfiger, Puma, Sony, Monster Energy, Vodafone зэрэг компаниуд нүүр царайгаа болгож, 12 гаруй сая ам.долларын цалинг олгодог байна.

  • 9. Кирк Казинс – 71 сая ам.доллар

Америк хөлбөмбөгийн од тоглогч Кирк Казинс өнгөрсөн оны гуравдугаар сард Миннесота Викингс багтайгаа хоёр жилийн 66 сая ам.долларын гэрээг сунгаж, 30 сая ам.долларыг урамшуулал болгон хүртсэн. Энэ жил 33 нас хүрэх тэрбээр Nike, Bose, Panini зэрэг компаниудаас хүртэл багагүй орлого олдог ажээ.

  • 10. Рассел Уэстбрук – 64.1 сая ам.доллар

Хьюстон Рокетс багт ердөө ганцхан улирлыг өнгөрүүлсэн хэдий ч Рассел 38.5 сая ам.долларын цалин авч, NBA-д авсан цалингийнхаа хэмжээгээр хоёрт жагссан. Жордан брендийн нүүр царай болохоос гадна тэрбээр өөрийн “Why not” хувцас загварын брендийг хөгжүүлж байна. Сүүлд гарсан мэдээллээр Расселл Уэстбрук Лос Анжелес хотод автомашин борлуулалтын сүлжээ байгуулсан гэнэ.

Та бүхэндээ үлдсэн жагсаалтыг хүргэе. 

  • 11. Рассел Уилсон, америк хөлбөмбөг – 63 сая ам.доллар
  • 12. Тайгер Вудс, гольф – 62.3 сая ам.доллар

  • 13. Карсон Вентз, америк хөлбөмбөг – 60.3 сая ам.доллар
  • 14. Жэймс Харден, сагсан бөмбөг – 54 сая ам.доллар
  • 15. Яннис Антетокоунмпо, сагсан бөмбөг – 52.2 сая ам.доллар
  • 16. Конор МакГрегор, холимог тулаан – 48 сая ам.доллар

  • 17. Кайри Өрвин, сагсан бөмбөг – 47.7 сая ам.доллар
  • 18. Дамиан Лиллард, сагсан бөмбөг – 46.6 сая ам.доллар
  • 19. Клэй Томпсон, сагсан бөмбөг – 44 сая ам.доллар
  • 20. Жой Боза, америк хөлбөмбөг – 43 сая ам.доллар
  • 21. Крис Пол, сагсан бөмбөг – 41.6 сая ам.доллар
  • 22. Пил Микелсон, гольф – 41.4 сая ам.доллар
  • 23. Пол Жорж, сагсан бөмбөг – 41 сая ам.доллар
  • 24. Жон Уолл, сагсан бөмбөг – 40.6 сая ам.доллар
  • 25. Себастиан Феттел, авто уралдаан – 40.5 сая ам.доллар

  • 26. Блэйк Гриффин, сагсан бөмбөг – 40.2 сая ам.доллар
  • 27. Дрю Брис, америк хөлбөмбөг – 40 сая ам.доллар
  • 28. Новак Жокович, талбайн теннис – 38.4 сая ам.доллар
  • 29. Райан Таннехилл, америк хөлбөмбөг – 37.8 сая ам.доллар
  • 30. Наоми Осака, талбайн теннис – 37.4 сая ам.доллар

ЭХ СУРВАЛЖ: Forbes, Spotrac

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж