АНУ-ын нийслэл Вашингтон хотод өчигдөр/2020.1.7/ Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлахаар Конгрессийн дээд, доод танхим хуралдаж байх үеэр Дональд Трампыг дэмжигчид өргөн хүрээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн Капитолын ордныг эзлэн авсан нь АНУ төдийгүй дэлхий нийтийг алмайруулсан хэрэг боллоо.
Босогчид эмх замбараагүй байдал үүсгэж эхэлмэгц хууль тогтоогчдыг ам мөлтөс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Конгрессийн ордонг цагдаа нар бүслэн хамгаалалтад авч, олон хүнийг баривчлан хэв журам тогтоосон байна. Эмх замбараагүй байдлын үеэр ордон дотор нэг эмэгтэй нас барсан хэмээн мэдээлж байсан ч удалгүй дөрөв болсон талаар цагдаа нар мэдээлжээ.
Эх сурвалжууд Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ард иргэдийг эмх замбараагүй байдалд турхирсан хэмээн үзэж, твиттер хаягийг нь түр хугацаанд идэвхгүй болгосон юм. Эмх замбараагүй байдал үүсч, хүний амь хохирсны дараа Дональд Трамп өөрийг нь дэмждэг хүмүүст хайртай гэдгээ илэрхийлээд, бүгдийг нь гэр гэртээ харихыг уриалсан байна. Гэвч тэрбээр сонгууль будилаантай болсон гэдэг байр сууринаасаа ухраагүй юм.
Жо Байдены тангараг өргөх ёслол болоход 12 хоног дутуу байгаа бөгөөд өчигдрийн үйл явдлаас харахад цаашид дахин энэ мэт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх эрсдэл бий тул болзошгүй аюулаас сэргийлж Батлан хамгаалах яам Вашингтон хотод болон хөрш хотуудад үндэсний гвардын 1800 гаруй цэрэг байрлуулахаар болжээ.
Цагдаа нар хэв журам тогтоосны дараа хууль тогтоогчид дахин цуглаж, сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн юм. Улмаар Конгрессийн гишүүд Жо Байдены ялалтыг баталж, Дональд Трамп ч суудлаа хүлээлгэн өгөхөө амалсан юм.
Болсон үйл явдалд дэлхийн удирдагчид харамсаж буйгаа илэрхийлсэн утгатай байр сууриудыг илэрхийлж, олон орны сонин, хэвлэлүүд дээрх үйл явдалтай холбоотой нийтлэлүүд бичжээ. Тэр дундаа Хятадын хэвлэлүүд тус үйл явдлыг Хонгконгийн бослого хөдөлгөөнтэй харьцуулан зүйрлэж бичсэн эл явдлыг Трампыг харлуулах гэсэн зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэх ч хүмүүс байгаа юм.
Эмх замбараагүй байдлын үеэр гэрэл зураг, бичлэгүүд цахим орчинд маш ихээр тарсан байна. Тэдгээрийн зарим дээр олны танил хүмүүс харагдаж буй нь эмх замбараагүй байдлыг үүсгэсэн хүмүүс чухам хэн байсныг илтгэж байгаа юм.
QAnon хуйвалдааны онолынхон
Үйл явдлын үеэр цахим орчинд цацагдсан зургуудын зарим дээр хэт барууны үзэлтэй, хуйвалдааны онолд итгэгч, дэмжигч бүлгүүд болон хүмүүс харагдах аж. Тэд нэлээд эртнээс Дональд Трампыг аврагч, бурхан мэт шүтэн, дэмждэгээрээ олонд танигдаад байсан билээ.
Ялангуяа үстэй малгай өмсөж, нүүрээ будан эвэр зүүгээд, Америкийн далбаа атгасан эрийн зураг цахим орчинд нэн хурдтай таржээ. Зураг дээрх эрийг Жэйк Анжели гэдэг. Тэрбээр өөрийгөө QAnon бөө хэмээн өргөмжилдөг нэгэн юм.
Proud Boys
Эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийн дунд өөр нэгэн хэт барууны үзэлтэй бүлгэм Proud Boys-ын гишүүд харагджээ.
Тус бүлгэм 2016 онд байгуулагдсан бөгөөд гадаад иргэдийн цагаачлалыг эсэргүүцдэг, дан эрчүүдийн бүлгэм гэдгээрээ алдартай юм. Өөрийгөө бүлгэмийн Хавай дахь ахмад хэмээдэг Ник Охс ордон дотор өөрийнхөө зургийг дарж твиттертээ хийхийн сацуу шууд бичлэг хүртэл нийтэлсэн байна. Тэгэхдээ тэрбээр “Капитолоос мэндчилж байна лол” хэмээн бичжээ.
Цахим нөлөөлөгчид
Цахим нөлөөлөгчид буюу олон нийтийн платформууд дээр олон дагагчтай зарим хүмүүс ч гэсэн эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийн дунд харагджээ. Тухайлбал, Baked Alaska нэрээрээ танигдсан Тим Гионет хэмээх эр ордон дотроос үйл явдлыг шууд дамжуулан, бусад эсэргүүцэгчидтэй ярилцаж байгаагаа харуулжээ. Түүний бичлэгийг мянга мянган хүн үзэж, өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна.
Тим Гионет өөрийгөө тролл хэмээн тодорхойлдог бөгөөд арьс өнгө, гарал үүслээр ялгаварлан гадуурхагч нэгэн юм. Тэрбээр маск зүүлгүй гудамжаар явж байгаа зэрэг зураг, бичлэгээ нийтэлдгээс болоод Youtube, Twitter зэрэг платформоос хөөгджээ.
Улстөрчид
Үймээн самуун дэгдээгчдийн дунд Баруун Виржиниагаас сонгогдоод удаагүй байгаа залуу хууль тогтоогч Деррик Эванс мотоциклийн дуулга өмсөн гүйж яваагаа нүүр номоороо шууд дамжуулан “Бид ороод ирлээ хонгор минь!” хэмээн орилж “дөвчигнөжээ”.
Тэрбээр шууд дамжуулсан бичлэг дээрээ “Трамп! Трамп! Трамп! Бид ороод ирлээ, бид ороод ирлээ. Деррик Эванс Капитолд орж ирлээ! Үргэлжлүүлээд байгаарай хонгор минь!” хэмээн орилсон аж. Түүгээр зогсохгүй хэв журам сахиулж байсан цагдааг цохиод “Таныг бурхан ивээг. Энэ бол хувийн зүгээс хийж буй үйлдэл биш шүү. Би таныг хүндэлдэг би юу хийж, хаашаа гүйж байгаагаа мэдэхгүй ч олонхоо дагаж байна” хэмээн ярьжээ.
Захиа үлдээгч
Цахим орчинд хамгийн их тарсан зургуудын нэг бол танхимын дарга Нэнси Пелосигийн өрөөнд орж, ширээн дээр нь хөлөө тавин суугаа эр. Зураг дээрх эр бол Арканзасын Ричард Барнетт гэнэ.
Тэрбээр ордноос гарсныхаа дараа хэвлэлүүдэд Нэнси Пелосид хаягласан захиа үлдээсэн талаараа сайрхсан байна.
Эх сурвалж: BBC CNN INSIDER QUARTZ REUTERS