"Хөл хориотой ч цахимаар хуралдан, групп сунгаж байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.01.08-нд нийтлэгдсэн

"Хөл хориотой ч цахимаар хуралдан, групп сунгаж байгаа"

"Хөл хориотой ч цахимаар хуралдан, групп сунгаж байгаа"

Дотоодод цар тахал алдагдсан үеэс групп тогтоолгох, сунгахад хүндрэлтэй болсон талаар иргэд ярьж буй. Эл асуудлыг хөндөж, Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга П.Лхагвадоржтой ярилцлаа. 


 -Covid-19 цар тахал дотоодод гарснаас хойш групп сунгахгүй байна гэх асуудал их хөндөгдөх боллоо. Халдвараас сэргийлж энэ ажлыг түр зогсоогоод байна уу, тодорхой мэдээлэл өгөөч?

Групп сунгалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг хэлье. Монгол Улсад Covid-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн цагаас хойш буюу 2020 оны хоёрдугаар сараас эхлээд  21 аймаг, есөн дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын хурлыг цахимаар хуралдах чиглэл өгсөн байсан. Энэ дагуу групп тогтоолгох, сунгуулах иргэдийг эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүйгээр бичиг баримт, үзлэг шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн цахимаар хуралддаг болсон.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс хатуу хөл хорио тогтоосон үеэс хоёр долоо хоногийн хугацаатай аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын хурлыг түр зогсоосон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх комиссыг эргэн хуралдах чиглэл өгсөн учраас  21 аймаг, есөн дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн  магадлалын комисс иргэдийг ирүүлэхгүйгээр  бичиг баримтыг нь  үндэслэн  асуудлыг  шийдвэрлээд явж байна.

Нэгэнт мэдээлэл өгч байгаа учраас групп тогтоолгохын тулд хэнд хандах ёстой талаар тайлбарлая. Эхэлж өрхийн эмнэлэгтээ хандана.  Өрхийн эмч тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсан бэ гэдгийг тогтоох зорилгоор харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төв рүү нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд оруулахаар явуулна. Түүнийг үндэслэж гарсан онош, хариунд тулгуурлан өрхийн эмч даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар дүгнэлтээ бичиж дараагийн шатанд илгээнэ. Дүгнэлтийг хүлээн авсан аймаг, дүүргийн эмнэлгийн дэргэдэх Эмнэлэг хяналтын комисс асуудлыг хэлэлцэж, групп тогтоох үндэслэлтэй бол шийдвэрээ тухайн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комисст илгээнэ.

Чухам энэ комисс хөдөлмөрийн чадвар алдалтыг эцэслэн тогтоон акт гаргадаг бөгөөд хоёр жилийн хүчинтэй байдаг. 3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

  Нийслэлийн есөн дүүрэг болон орон нутгууд дахь Эмнэлэг  хөдөлмөрийн  магадлах комиссын хуралдах цаг харилцан адилгүй байдаг. Хүн амын тооноос их хамаардаг л даа. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг бага хүн амтай учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь харьцангуй цөөн. Харин нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо олон, өдөрт 10 гаруй цаг  хуралдаж байхад Сүхбаатар дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс  3-4 цаг хуралдах жишээтэй. Тиймээс хэчнээн иргэн групп тогтоолгох болон группээ сунгуулахаар хандсан бэ гэдгээс хамаарч хуралдах цаг болон хэзээ акт олгогдох нь шийдэгддэг.

Иргэдийн хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа зонхилох шалтгаанаас дурдвал?

-2019 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд  16-аас дээш насны 111.386 мянган иргэн  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд 37200 гаруй буюу 33.5 хувь,  74 мянга буюу 66.5 орчим хувийг хөдөө  орон нутгийн иргэд эзэлж байна. Нийслэлийг дүүргээр нь авч үзвэл: 

  1.  Баянгол дүүрэг 5741
  2.  Баянзүрх дүүрэг 8707
  3.  Багануур 892
  4.  Налайх 1334
  5. Сонгинохайрхан 8342
  6. Сүхбаатар 2878
  7. Хан-Уул 4796
  8.  Чингэлтэй 4386 иргэн байна. 2020 оны жилийн эцсийн тоон мэдээ хараахан гараагүй байна.

Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан болж буй 18 бүлэг өвчнөөс дотор, сэтгэц, мэдрэл, гэмтэл, чих, хамар хоолойн өвчин нийт хөдөлмөрийн чадвар алдалтын 79.5 хувийг эзэлж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Иргэний  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтооход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай А/39 A/12 тоот хамтарсан тушаалаар батлагдсан жагсаалт, хувь, хэмжээ, хугацааг  мөрдөн ажиллаж байна. Уг жагсаалтаар өвчин эмгэгийн үе шат бүрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг нарийвчлан тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтыг хянах, эмчлэн эрүүлжүүлэх, нөхөн сэргээх хугацааг тодорхой болгон,  хөдөлмөрийн чадвар алдалтын хувийн зөрүүг арилган, анатоми-морфологийн болон эрхтэн системийн үйл ажиллагаа нь эргэж сэргэхгүй нь тогтоогдсон бол иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломжийг олгож байна.

-Тэгвэл ямар тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас  тэтгэмж авдаг. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх таван жилийн гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тогтоолгон авч болно.

Дээрх шимтгэл төлөх хугацааг хангаагүй тохиолдолд нийтдээ гурваас  доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн авна. Дээрх хоёр  болзлыг хангаагүй бол Нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр нь даатгуулагчийн дундаж цалингаас хөдөлмөрийн чадвар алдсан хувиар шууд тооцож боддог учраас ахуйн осол болон ердийн өвчний улмаас тахир дутуу болсон иргэдийн тэтгэвэртэй харьцуулахад өндөр тогтоогддог.

-Нийгмийн даатгалын сангаас групп тогтоолгоход ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай талаар мэдээлэл өгөөч?

 -Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаандаа авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон бол тухайн аймаг дүүргийн болон байгууллагын үйлдвэрлэлийн ослын комиссын тогтоосон акт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар баталгаажсан байх, хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолт, анх ажилд орох үеийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас, амбулаторийн карт зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Нийгмийн даатгалын байгууллагад иргэн 14 хоногийн дотор  баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Нийгмийн даатгалын байгууллага  баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтоон  шийдвэрлэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж