"МИАТ-ын нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн" | News.MN

"МИАТ-ын нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн"

COVID-19

"МИАТ-ын нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн"

"МИАТ-ын нислэгээр Монгол Улсын таван иргэн ирсэн"

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна. Энэ үеэр тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийв.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Өнгөрсөн хугацаанд БНСУ руу хийхээр товлосон тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг товлолоо. Энэ удаагийн нислэгээр 150-160 орчим иргэн эх орондоо ирнэ. Арваннэгдүгээр сарын тийзээ баталгаажуулсан иргэдийг авахаар төлөвлөж байна. Дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч байгаа. БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4692 иргэн байна. Яаралтай ирэх 1600 гаруй иргэн байгаа юм.

БНСУ-д Элчин сайдын яаманд иргэд олноороо цуглаж буй асуудал үүсч байна. Тус улсад халдварын нөхцөл байдал намжих хандлагатай байгаа ч гамшгаас хамгаалах онц байдлын зэргийг сунгасан байна. Энэхүү горимын хүрээнд 5-аас дээш иргэд цуглахгүй байхыг анхааруулж буй. Иймд ЭСЯ-ны байранд олноор цуглахгүй байхыг анхааруулъя.

Мөн цахим сүлжээнд цацагдсан мэдээлэлд залруулга хийе. МИАТ компани карго нислэг хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Элчин сайдын яамнаас дипломат ажилтнуудаа буцаах, оронд нь шинээр томилогдох ажилтнуудаа авчрах асуудал тавьж байсан. Тиймээс АНУ-ын Засгийн газар МИАТ компанийг дэмжиж онгоц хөлсөлсөн. Энэхүү нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30, НҮБ-ын 3, Монгол Улсын 5 иргэн ирсэн. Тэдний хоёр нь өнгөрсөн сарын 25-нд БНСУ руу, нөгөө нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан зорчигчид юм. Харамсалтай нь, тодорхой зөрчлийн улмаас хилээр нэвтрүүлээгүй тул Инчоны онгоцны буудалд 10 гаруй хоног гацсан байсан.

Олон улсын иргэний агаарын тээврийн журмаар тээвэрлэсэн компани нь буцаах ёстой байдаг. Өөр нэг нь ажлын шаардлагаар хүнд өвчтөнийг хүргэж өгөөд буцсан эмч. Үндсэндээ таван монгол иргэнийг гадаад улсын захиалгаар авчирсныг та бүхэн зөвөөр ойлгоорой. Нислэгээр ирсэн 38 хүнийг "Кемписки" зочид буудалд тусгаарласан.

COVID-19 НИЙТИЙГ ХАМАРВАЛ ХӨНГӨН ӨВЧТӨНҮҮДЭЭ ГЭРТ НЬ ЭМЧИЛНЭ

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.ЧИМЭДСҮРЭН:

-Монгол Улсад 1362 иргэн covid-19 цар тахалд өртсөнөөс 889 нь эдгэж, гэртээ гарсан. Сүүлийн үед зургаан аймгаас гарсан кластер голомтын өвчлөлд өртсөн иргэд орон нутагтаа буцсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 70-80 хувь нь хөнгөн байна. Улаанбаатарт халдвар кластер байдлаар тархаж идэвхтэй байна. Одоогоор хүн амын дунд нийтийг хамарсан цар тахал болоогүй тул халдвар авсан иргэдээ тусгаарлан эмчлэх тактик баримталж байна. Хэрэв хүн амын дунд, массыг хамарсан тархалт дэгдвэл хөнгөн өвчтөнүүдээ гэрээр нь эмчлэх стантарт руу шилжинэ. Манай улсын онцлог нь нэг айлд 3-4 хүн амьдрах, монгол гэрт амьдардаг бол нэг хүн өвчтэй байхад хамт байгаа гишүүд халдвар авах эрсдэл маш өндөр байгаа учраас тусгаарлан эмчлэх тактикийг үргэлжлүүлж байна. Хэрэв халдвар хүн амын дунд тархвал 5300 ор бэлдсэн. Эрчим эмчилгээний тасгийн 3362 ор бэлэн байна. Өнөөдрийн байдлаар орны хомсдолд ороогүй байна.

Нийслэлд өдөрт 10-15 мянган иргэн covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байна. Одоогоор хүн амын 20 орчим хувийг PCR шинжилгээнд хамруулаад байна. Улаанбаатар хотод кластер голомтууд идэвхтэй байгаа тул эмнэлэгт яарч очихгүй, ханиалгаж цээжээр өвдсөн үед 119.мн утсаар холбогдох хэрэгтэй.

ОЙРЫН ХАВЬТЛУУДААС ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЭЖ, ГОЛОМТ ДЭГДЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.НАРАНЗУЛ:

-Улаанбаатарт covid-19 нэмэгдэж буй дүр зураг ажиглагдаж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд халдварын хэд хэдэн голомт үүссэний хоёр нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Аливаа халдварт өвчнийг таслан зогсооход батлагдсан тохиолдлууд, ойрын хавьтлуудыг илрүүлж, тусгаарлах нь чухал ажил байдаг. Хавьтлуудыг илрүүлж, тандан судалж байна. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлан ажиглаж буй. Энэ хугацаанд гурван удаагийн шинжилгээ авдаг юм. Энэ ажлын үр дүнд эхний шинжилгээгээр 82 хувьд нь covid-19 бүртгэгдэж байна. Мөн давтан шинжилгээгээр 14 хувь, гурав дахь удаагийн шинжилгээгээр 3 орчим хувьд нь өвчлөл батлагдаж байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийг шуурхай илрүүлж, тусгаарласны үр дүнд орон нутагт бүртгэгдсэн халдварын голомтууд бүрэн хяналтад орсон. Улаанбаатар хотын гурван том голомт хяналтад орсон бол сүүлийн үед хавьтлуудаас өвчлөл бүртгэгдэж, голомт дэгдэж байна. Иймд хөл хорионы дэглэмийн үед аль болох хүмүүстэй хавьтал болохгүй байж, өөрийгөө хамгаалах нь чухал байна.

Б.ЦЭЦЭГ

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, January 7, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж