НЗДТГ-аас хөл хорионы дэглэмийг чангаруулж, “тэг зосголт” хийх шийдвэр гаргаагүй болохыг мэдэгдэв. Одоогоор тэг зогсолт хийх боломжгүйг онцолжээ. Учир нь хатуу хөл хорионы дэглэмийг мөрдсөнөөр хөдөлгөөн хязгаарлаж, хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг хязгаарлах бөгөөд иргэдийн анхдагч хэрэгцээтэй холбоотой аж.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг энэ сарын 11-ний өдрийг хүртэл сунгахаар болсон билээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд covid-19 илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор есөн дүүрэгт 30 цэг ажиллаж байгаа юм. Цаашид шинжилгээ авах цэгүүдийн тоог нэмж, халдваруудын голомтуудыг илрүүлэх, хумих чиглэлээр арга хэмжээ авах ажээ. Энэ асуудлаар УОК-ын Шуурхай штабаас нийслэлд тэг зогсолт хийхгүй тул иргэдийг тайван байхыг сануулав.
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга Б.УУГАНБАЯР:
-Өнөөдөр зарим буудлаас шилжилт хөдөлгөөнийг зохион байгууллаа. ХӨСҮТ-д нийлбэр дүнгээр 33 иргэнийг шилжүүлсэн. Covid-19 илрүүлэх шинжилгээг 40 цэгээр дамжуулан, 72700 өрхөөс шинжилгээ авсан. Нийслэлд 410 мянган өрхөөс шинжилгээ авч байгаа юм. Өнөөдөр олон нийтийн сүлжээнд тэг зогсолт хийх гэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Улаанбаатарт тэг зогсолт хийхгүй гэдгийг хэлье. Тиймээс иргэдэд тэг зогсох сургаар сандарч үймэхгүй байхыг сануулъя. Улаанбаатарт тэг зогсолт хийхэд хүндрэлтэй, боломжгүй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ