Улаанбаатар хотын авто зам мөсөн гулгуурын талбай болж хувирснаар автомашинууд шүргэлцэх зөрчил нэмэгдсэн бол явган зорчигчдын хөлтэй нь гулгаж, хөл муутай нь мөлхөх нь холгүйгээр ногоон гэрлээр гарч, ажил гэртээ очдог болов.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгч буй тайлбараар Улаанбаатар хотод нэг, хоёрдугаар сард цас их хэмжээгээр ордог тул давс, бодисыг байгаагийнх нь зоргоор авто замд цацвал цаг агаар хүндрэхэд нөөцөө шавхах эрсдэлтэй. Иймд өдөрт 5-10 тонноос илүү гаргалгүй хэрэглэх нормд орсон юм байна. Гэвч хэт нарийлснаас цацсан давс, бодис нь халтиргаа гулгааг арилгаж чадахгүй байгаа тул хэмжээг нь нэмэгдүүлэхээс аргагүй болжээ.
Тухайлбал, нэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд 41 тонн бодис цацсан бол нэгдүгээр сарын 5-нд 70 тонн бодис, 8 тонн давс цацсан нь нэмэр болоогүй аж. Өөрөөр хэлбэл, харамч хүн хоёрыг зарна болж хувирсан бололтой.
Албаныхан энэ талаар “Шаардлагатай газруудад давс, бодис цацаж байгаа ч гадаа их хүйтэн, автомашины хөдөлгөөн багассан учраас бодис сайн хайлахгүй, хүндрэлтэй байгаа” гэж тайлбарлаад буй. Иймээс нийслэлчүүд дулаан цаг ирэхийг хүлээн, “Халтиргаа гулгаа үтэр түргэн арилах болтугай” гэж ерөөж суухаас аргагүй болоод байна.
Өнгөрсөн жилүүдэд дарга, сайд нарын явдаг зам халтиргаа гулгаа багатай байсан бол энэ жил нэлэнхүйдээ гулгаа үүссэн гэж хэлж болно. Халтиргаа гулгаа их байгаагаас Тээврийн цагдаагийн албаныхны ажлын ачаалллыг ч өнгөрсөн өдрүүдэд нэмжээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн хөл хорио тогтоож, дунд нь нэг сулласныг эс тооцвол хоёр сар шахмын хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажил, амьдралаа залгуулах болсон.
Хөл хорионы дэглэмд шилжсэнээр тодорхой нэр заасан салбарынхан ажиллаж байгаа. Ингэхдээ тухайн салбарт харьяалагддаг аж ахуйн нэгж, хувь иргэн автомашинтайгаа зорчиж болно. Ийм зохицуулалт хийснээр хуурамч QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцох зөрчил нэмэгдсэнээс гадна хулгайн замаар орон нутгийг зорих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа юм. Энэ бүхэнд хяналт тавин ажиллах ёстой тээврийн цагдаа нар халтиргаа гулгаанаас болж, мөргөлдөн шүргэлцсэн дуудлага бүрт хүрч очих шаардлагатай болж, ачааллыг нь нэмэгдүүлжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ