Уэльсийн Суонси их сургуулийн эрдэмтэд Covid-19-ийн дэлхийн хамгийн анхны вакцины “ухаалаг наалт” бүтээж байна.
Тус наалт өөр дээрх жижиг зүүнүүдээ ашиглан, биеийн дархлааны тогтолцооны үйл ажиллагааг хянаж, вакцины үйлчилгээ, үр дүнг харуулах чадвартай аж. Судалгааны багийнхан шинэ бүтээлээ гуравдугаар сарын сүүл гэхэд бэлэн болгохоор зорьж буй юм байна. Харин түүнээс хойш шинэ технологийн туршилт эхэлж, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх эсэх нь шийдэгдэх ажээ.
Суонси их сургуулийн эрдэмтэд тийнхүү шинэ технологийнхоо туршилтыг Лондонгийн Империал коллежтэй хамтран гүйцэтгэх сонирхолтой байгаа бөгөөд туршилт амжилттай болбол гурван жилийн дотор хэрэглээнд нэвтрэх боломжтой болох юм байна.
Тус технологи силикон, эсвэл поликарбонат материалтай, миллиметрээс ихгүй урттай зүүнүүдээрээ арьсанд нэвтрэн ажлаа гүйцэтгэх зориулалттай аж. Наалтыг лентээр арьсан дээр 24 цаг хүртэл хугацаанд байлгах бөгөөд улмаар өвчтөний биеийн эсэргүүцэл болон вакцины үйлчилгээг тодорхой хянах боломжтой гэнэ.
Шинэ технологийн туршилт амжилттай болбол цаашид зөвхөн Covid-19 төдийгүй бусад вирусийн гаралтай өвчний тархалт, эмчилгээг хянахад ашиглах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ