Бостон Селтикс багийн тоглогч Жэйлен Браун өнөөдөр (2021.01.07) Вашингтон хотод явагдсан эсэргүүцлийн хөдөлгөөний талаар өөрийн бодлоо илэрхийлжээ. Тэрбээр багийнхаа хамтаар өнөөдөр Майами Хит багийг талбайд нь 107-105 гэсэн харьцаатай хожсоныхаа дараа хэвлэлд хандан “Доктор Мартин Лютер Кингийн хэлсэнчлэн Америк хоёр хуваагдчихсан байна. Нэг Америкт нь хүмүүс машиндаа унтаж байгаад, тамхи зарж байгаад, эсвэл гэрийнхээ арын хашаанд тоглож байгаад алуулж байна. Харин нөгөө Америкт нь хүмүүс Капитол ордон руу хүч түрэмгийлэн нэвтэрч байхад ямар ч нулимс асгаруулагч, олныг хамарсан баривчилгаа гээд юу ч алга” хэмээжээ.
Майами Хит болон Бостон Селтикс багуудын тоглолтын өмнө тамирчид АНУ-ын төрийн дууллын үеэр өвдөг дээрээ сөхөрч суужээ.
Мөн тэрбээр твиттер хуудастаа “Өвдөг дээрээ сөхөрч суух нь Америк орныг үл хүндэтгэсэн хэрэг. Харин нийслэлдээ үймээн самуун дэгдээх нь тийм хэрэг биш юм байна” хэмээсэн байна.
Өдгөө 24 настай Браун “Black Lives Matter” хөдөлгөөний үнэнч дэмжигч бөгөөд тэрбээр төрөлх Мариетта хотдоо энэхүү хөдөлгөөнийг дэмжин оролцож, өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байсан юм.
Дональд Трампыг дэмжигчид өнгөрсөн жил NBA-ийн тоглогчдыг “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжлээ хэмээн буруушааж байв.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод орон нутгийн цагаар өчигдөр (2021.01.06) Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхим хуралдах үеэр Дональд Трампыг дэмжигчид өргөн хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, Капитол ордныг эзлэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн нь АНУ-ыг төдийгүй дэлхий нийтийг цочроогоод байна.
Холбоотой мэдээ