БНХАУ-ын эрх баригчид өчигдөр (2020.1.6) АНУ болон “Хятадын” Тайванийн хооронд болох гэж буй батлан хамгаалахын яриа хэлэлцээг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, шаардлагатай хариу арга хэмжээ авахаа амлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрсдийн тусгаар тогтнолыг зарлаж, ардчилсан замаар замнахыг эрмэлзэж буй арлын Тайваньд өндөр албан тушаалтнаа илгээх, шинээр зэвсэг нийлүүлэх зэргээр тусалсаар байгааг Бээжин эрс эсэргүүцэж, улмаар аль хэдийн муудаж байсан АНУ, БНХАУ хоёр улсын харилцаа улам муудаж байгаа юм.
АНУ-ын төрийн департмент улс төр, цэргийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын туслах Кларк Күүпер Тайванийн улс төр, цэргийн талаар цахимаар ярилцана хэмээн өчигдөр (2020.1.6) мэдээлсэн аж.
Хэдийгээр АНУ-ын төрийн департмент дээрхээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй ч Бээжингээс Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунен “Хятад улс АНУ, Тайванийн хэлэлцээг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шаардлага гарвал бүх хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Бээжин АНУ-ыг дээрх мэтээр Тайваньтай сүлбэлдэхээ даруй больж, Тайванийн бүрэн бүтэн байдал болон АНУ, БНХАУ-ын харилцаанд гэм хор учруулах үйлдэл хийхгүй байхыг шаардсан байна.
Харин Тайванийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жоанне Оу АНУ-тай хийх хэлэлцээнийхээ тухай нарийн мэдээлэл өгөхгүйгээ илэрхийлээд, “Тайвань, АНУ-ын харилцаа бол хоёр улсын нийтлэг ашиг сонирхол, дипломат ойлголцол дээр тогтсон найдвартай харилцаа. Манай хоёр тал ийнхүү ихэнхдээ ямар ч саадгүй, ойрын харилцаа тогтоож байхыг эрмэлзэж байна. Тиймээс цаашид ч бид Вашингтонтой улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар бүх шатны харилцаагаа сайжруулахаар ажиллах болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ