Б.Одсүрэн Start Up grind ТББ-д зочноор уригдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Б.Одсүрэн Start Up grind ТББ-д зочноор уригдлаа

MDG группын захирал Б.Одсүрэн гарааны бизнес эхлүүлэгч залуусын Start Up grind ТББ-д зочноор уригдлаа. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энд ирсэн залуус зочин яриа, тэдний алдаанаас сурах байх гэж та хэллээ. Хүн ер нь бусдын алдаанаас сурдаггүй, өөрөө алдаж байж л сурдаг гэсэн өөр нэг үзэл яваад байдаг…?

-Хүний алдаж байгааг хараад, эсвэл яаж алдсаныг нь яриулчихаад  өөр дээрээ тусгаж авч чадахгүй бол ухаанаа хангалттай зарцуулахгүй байна л гэсэн үг шүү дээ.

-Одоогийн учраад байгаа эдийн засгийн хүндрэл таны бизнест яаж нөлөөлж байна вэ?

-Бид 2-3 жилийн өмнөөс асуудлаа шийдсэн учир дажгүй байна. Хямралд бэлтгэлтэй байсан юм. Ер нь иймэрхүү зүйл гардаг шүү дээ. Би долоон жил ганзагын наймаа хийсэн. Эхэндээ хүмүүс их мөнгө хийж, эргэлт нь ч ихсэж байлаа. Тэгээд сүүлдээ нэг хэсэг Оросод юм зарагдахаа больсон шүү дээ. Москвагийн бирж дээр бараа нь овоолгоотой. Худалдан авах чадвар нь тэгж муудсан. Валютын ханшны өөрчлөлт ч бас нөлөөлж байсан л даа. Одоо тэрэн шиг л зүйл болж байна. Гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ түүхэнд байгаагүйгээр уначихлаа. Дэлхийн эдийн засаг салаа замын дунд байна. Нэг бол валютын олон бүстэй болох, нөгөө нь долларын давамгайлалд хэвээр үлдэх. Дайн дажин ч болж магадгүй. Гуравдахь зам ч байгаа байх. Иймэрхүү ажин түжин, тарчигхан дэлхийд ойрын дөрвөн жилд л лав том өөрчлөлт гарахгүй гэж харж байна.

-Эдийн засгийн хямрал заримдаа боломж авчирдаг гэлцдэг дээ?

-Мэдээж хэн ч мөнгө дэмий үрэхийг хүсэхгүй. Гэхдээ энтэрпрэнэрүүд эрсдэл гаргаж, тэрийгээ дааж явдгаараа энгийн бизнесмэнүүдээс ялгаатай. Тэд үргэлж гарц хайж явдаг тул  хямралыг ашиг болгож болно. Энтэрпрэнэрүүд хүнд өөрийгөө тайлбарлаж, итгүүлж, үнэмшүүлж чаддаг шүү дээ.

-Өөрийгөө илэрхийлж чадахгүй хүн яах вэ?

-Нэлээд олон жилийн өмнө би Москвад нэгэн хүнтэй хоёр цаг хууч хөөрч суусан юм. Нэртэй эдийн засагч, дэлхийд алдартай олон фирмүүдэд зөвлөгөө өгдөг хүн л дээ. Тэр надад ”Хүн ганцаараа юу ч бүтээж чадахгүй. Учир нь хүн бүрт сул тал байдаг. Тэр сул талаа нээж, тэрийгээ нөхөх хамтрагчаа олсон хүн л амжилтад хүрдэг” гэж хэлж байлаа. Myers briggs гэдэг 96 асуулттай тест байдаг. Хүний сул талыг тодорхойлдог юм. Тэрийг залуусдаа бас зөвлөж байна. Тантай нэлээн дөхсөн хариу гарна шүү.

-Та тэр үед багаа бүрдүүлж байсан уу? Та эхний бизнесээ хэдэн төгрөгтэй эхэлсэн бэ?

-Би барилгын бизнеэсээ 16 мянган доллартай, нэг машин, нэг найзтайгаа эхэлж байсан. Машиндаа цемэнт ачаад, тэр нь бужигнаад л явдаг байлаа. Цонхоо онгойлгож агаар оруулаад л одоо бодоход их хөгжилтэй санагддаг юм. Одоо их моодонд ороод байгаа канад хаус гэдгийг бид анх оруулж ирэн гурван жилийн дотор 180 гаруйг барьсан. Хорин хэдхэн настай, залуу ч байж, юм юмны туршлагагүй бид энэ дээр том алдсан. Бүр 300 мянган долларын өрөнд орсон.

Тэндээс их сургамж авсан даа. Ёстой өөрийн алдаанаас сурна гэдэг тэнд хэрэгжсэн. Томоохон бизнест хөл тавьсан хүн эхний 2-3 жилд олон фактор, нөхцлүүдийг анзаарахгүй явах нь бий. Мөнгөний урсгалаа хянахаа ч мэдэхгүй. Гэхдээ алдаагаа амжилттай засварласан л даа.  Бид эхэндээ зөвхөн ашиг бус нэр хүнд ч гэх юмуу, бүтээн байгуулалт ч гэхүү элдэв загварын байшингууд барьсан нь алдаа байсан юм. Хүн авдаггүй. Тэгээд алдагдалд орон байж зараад хамгийн ашигтай ганц загварыг нь сонгож, тэрийгээ дахин дахин барьж борлуулсаар байгаад алдагдлаа нөхсөн.

-Та яагаад заавал канад хаус барьсан юм бэ. Бусад шигээ энгийн барилга барьсан бол тийм их зүйл туулахгүй ч байсан юм билүү?

-Би анх олон хүнтэй уулзсан. Ах аа би барилга барих гэсэн юм, яах вэ гээд. Намайг тоодог хүн ч гэж байгаагүй. Тэгээд л өөрөө бор зүрхээрээ бүхнийг шийдэж хийх хэрэгтэй болсон. Тэр үед канад хаус л хамгийн амархан, өртөг багатай нь байсан юм. Гэхдээ л энэ бол эр зориг байлаа. Германд “Техникийн харилцааны нийгэмлэг” гэдэг байгууллага байдаг юм. Шууд л гарч яваад тэр байгууллага дээр очиж инженерүүдтэй нь уулзаж сургалт авсан. Канад байшинг ерөнхийдөө ойлгочихож байгаа юм. Тэгээд ирээд барьж гарсан даа. 

Хамгийн анхны байшингаа бариад зарах гэж бөөн л юм болж байлаа. Худалдан авагч олддоггүй. Хүн болгон дээр л очоод тайлбарладаг, сурталчилдаг байв. Өдөр бүр л гүйж байлаа. Бүтэн гурван сарын турш “үгүй” гэдэг хариулт авсан. Гурван жил шиг л санагдаж байсан.  Эхнээсээ л дотроо “шантарч болохгүй шүү” гэж өөртөө хэлж байсан ч аргагүй нугарч эхэлсэн дээ. Сүүлдээ энэ бизнесийг орхидог юм билүү гэж бодож эхлэх үед анхны байшин зарагдаж билээ. Урам ч орсон. Нэг байшин маань арав болж, арав нь зуу болсон. Битгий шантар гэдэг үгийн үнэ цэнийг ч ойлгосон. 

-Бид мөнгөө яаж хянах вэ? Урт хугацааны төлөвлөгөө яаж гаргах вэ, заримдаа хүнд хэцүү, биелэшгүй санагдах тохиолдол ч бий шүү дээ?

-Олон ийм жишээ байдгийн нэгийг ярья. Эх орны дайны үед шархадсан, хөл гараа тайруулсан, дэлбэрсэн олон цэрэг эрс фронтын эмнэлэгт тарчилдаг байж л дээ. Нэгэн хээрийн эмнэлэгт өвчин намдаагч тариа дуусч өвчиндөө шаналсан шархтнууд “тариад өгөөчээ” гэж орилолдож гарчээ. Энэ үед нэгэн эмч тарианы оронд зүгээр ус соруулж аваад цэргүүдэд тарьж өгсөн байна. Гайхалтай нь тэдний өвчин намдсан. Энэ жишээ хүн цэвэр сэтгэл оюундаа хөтлөгддөг болохыг баталдаг. Цэргүүд өвчин намдаагч гэж итгээд л өвчнөө мэдрэхгүй болсноо “мэдэрсэн” байна.

Хүн итгэх л юм бол өөрийгөө удирдаж чаддаг. Хүн юуг ч даван туулна. Хүн бол өөрөө өөрийгөө бүтээдэг төгс амьтан. Залуусдаа хэлэхэд, битгий олон юманд түүрт, нэг зүйлд тууштай яваад үз гэж зөвлөмөөр байна. Өөрийгөө битгий чамла. Өөрийгөө голж сулруулахад дагаад биеийн эсэргүүүцэл ч суларч, өвддөг.

-Ер нь шинээр бизнес эхэлж байгаа хүн нэгэнт том тоглогч нарын эзэлсэн салбар луу орох зөвүү буруу юу?

-Зөв буруу гэх утгагүй. Хүний бизнесийн амжилт уул руу гарахтай л адил. Уул хол ойр, өндөр нам янз бүр. Уул болгон дээр хүмүүс хэдийнээ гарчихан сандал ширээ, майхан саваа бариад суучихсан байгаа. Тэгвэл тийшээ авираад л үз. Чи замдаа зогсож болно, эргээд унаж ч болно. Чиний л тэсвэр хатуужил, зориг самбаанаас шалтгаална.

Элдэв ачаагүй үедээ, залуудаа л үүнийг хий. Нас ахих тусам гэр бүл, хүүхэд, хамт олон гээд олон ачаа хүнд нэмэгдээд байдаг. Алдахаас айж болохгүй. Хүн алдах тусам улам л эрч хүчтэй, тооцоотой, ухаантай болж байдаг шүү дээ.

-Бараа, үйлчилгээг чанартай л хийвэл зарагдана гэдэг үгтэй та санал нийлэх үү?

-Энэ бол харьцангуй асуудал. Чанарын тухай худалдан авагчдын ойлголтууд ч ялгаатай. Чанар бол шууд л өртөг юм. Хамгийн сайн чанартай, ертөнц дээр байхгүй зүйл бүтээж ч болно. Гэхдээ ийм өртөгтэй зүйлийг хэн ч авахгүй бол яах вэ. Тиймээс тухайн нөхцөлд тохирсон чанарыг шингээснээр бараа бүтээгдэхүүний зөв үнэ өртөг бүрэлддэг. Харин чанараасаа хэтийдсэн үнээр зарах, өөрөөр хэлбэл хэрэглэгчээ хуурах гэж оролдвол дампуурна.

-Таныг орос школтой хүн гэлцдэг?

-Тиймээ, орос дунд сургууль төгссөн. Маш хатуу чанд сургалттай, зөвхөн сургалт төдийгүй хүмүүжил олгох нь ч хатуу байв. Өглөө бүр ариун цэврийн чанд шалгалтанд орно. Тэр үеийн орос сургуульд ёс суртахууныг сайтар төлөвшүүлдэг байлаа. Ёс суртахуун, сахилга бат гэдэг хамгийн эрхэм чанар гэж бид сурч төгссөн.

Харин одоо хараад байхад нийгэм даяараа л ёс суртахууныг жагсаалтын арагшаа шидэж ашиг орлогоо нэгт тавих болж. Орос ба өрнийн сэтгэлгээний ялгаа энэ. Энэ хоёрын тэнцвэрийг л барих хэрэгтэй.

-Оросын бизнесийн орчин ямархуу вэ?

-Цэвэр өрсөлдөөн байдаг. Гэхдээ жишээ нь Америкад энтэрпренэр хийвэл илүү боломжтой, яагаад гэвэл гарааны зээлийн нөхцөл маш таатай. Урт хугацаатай, бага хүүтэй зээл байдаг. Ипотекийн зээл нь 2 хувийн хүүтэй ч гэдэг юм уу. Ер нь тийм биш бол зээлдэгч тун удахгүй зээлийн дарамтад орж дампуурдаг л даа. Харин Оросод манайхаас ялгаагүй.Тэдний манай хоёр ялгаагүй л түүхий эдийн бааз гэгддэг. Тэгэхээр дэлхийн үйлдвэрлэл, технологоор бүрэлдсэн зарим бүсэд ажилладаг зээлийн таатай сиситэмд орж чадахгүй байна л даа.

Манай оронд бид байрны ч, бизнесийн ч зээл, хүүндээ дарлагддаг. Банкнуудын буруу биш. Харин төрийн бодлогоор үүнийг зохицуулж болно. Жишээ нь байгалийн баялгаа ашиглуулахдаа бага хүүтэй, урт хугацаатай зээл оруулж ирэхийг гэрээний нэг нөхцөл болгож болно шүү дээ. Ингээд иргэддээ бизнесийн зээл болгож олгож эхэлбэл байгалийн баялгаа ч хэд хэчнээн удаа нугалан олох, иргэн бүрийнхээ арьсан дээр буулган үр өгөөжийг нь хүртээх боломжтой болно.

Ер нь зээлийн ойлголтод 10 хувийн хүү гэсэн нэг зүйл байдаг. Арван хувийн хүү бол улаан зураас. Үүнээс дээшээ давчихвал зээл зөвхөн хүүлэгчид ажиллаж эхэлдэг. Уг нь хоёр талдаа үйлчлэх ёстой эд биз дээ? Харин арван хувиас доош байвал зээлдэгч тал ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Манай орны хувьд энэ нь хорь гараад явчихсан.

-Хэл ер нь хэр чухал вэ?

-Хамгийн чухал зүйлийн нэг. Гадаад хэл эзэмшиж чадаагүй бол баялаг бүтээх, мөрөөдлөө биелүүлэх зам маш их богиносно. Нэг хэл төгс сурсан бол нэг том баялагтай болсон гэж тооц.  Хүн өөрийгөө хэнд ч ойлгуулах, хэнийг ч сайтар ойлгох хэрэгцээ гарнаа даа.

Хүний хөгжлийг хэвтээ, босоо гэж ангилж байна. Хэвтээ хөгжил нь бол машин, байр юм. Харин босоо хөгжил бол хүн өөрийгөө хөгжүүлэх асуудлууд. Энэ бол ямар ч машинаас илүү өөртөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгэхээр хүн  хүүхэд байхаасаа л авьяасаа илрүүлж, дуртай зүйлээ тодорхойлж мөн элдэв зүйл эрэлхийлэн суралцаж, гадаад хэл суралцах ёстой юм. Босоо хөгжил нь уртассан хүн хэвтээ хөгжлөөрөө бусдыгаа гүйцэхэд цөхөх юу байх вэ дээ.

-Хүн өөрийгөө яаж тодорхойлох вэ? Авьяасаа яаж олж мэдэх вэ?

-Ялааг шилэн саванд хийж таглаад гурав хоногийн дараа нээхэд ялаа таг байсан түвшнээс дээшээ гарч нисэхээ больсон байдаг. Энэ ялаанаас төрсөн зулзага ч бас тийм байдаг байна. Тэгэхээр хүн үргэлж л шинэ сэргэг мэдлэгт тэмүүлж байхгүй бол энэ ялаа шиг байгаа түвшнээсээ дээшээ гарахаа больчихдог юм. Унш, хэл сур, аял. Тэр хятад залуус номын сандаа орох гээд оочирлож байгаа зураг байгаа даа. Бид яагаад дутах ёстой юм. Мөн уншиж судалсан, хэл сурсан бол боломж л гарвал аялж байх хэрэгтэй шүү.

-Сүүлийн асуулт, таны мөрөөдөл юу вэ?

-Аз жаргалтай байх. Ер нь энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг ч бүгдээрээ л аз жаргалын төлөө байдаг. Зорилгоо биелүүлэх, санасандаа хүрэх, сайхан амьдрах, хүний ач хариулах гээд бүхий л зүйл дээр хүнд аз жаргалын гормон ялгарч аз жаргал мэдэрдэг шүү дээ. Харамсалтай манай оронд хүн аз жаргал мэдрэх нөхцөл бага байна. Биднээс үл шалтгаалах, төр засгийн буруу, эсвэл дутуу үйл ажиллагаатай холбоотой элдэв нөлөө их.  Энэ талаар болон бусад зүйлсийн талаар бичсэн өгүүллүүдээ Өдрийн сонинд нийтлүүлдэг. Бас та энд даран орж үзэх боломжтой.

-За их баярлалаа

-За, залуустаа зорилгодоо заавал хүрээрэй, тууштай байгаарай гэж захья.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж