Холливудээс хөөгдөж буй Жонни Депп | News.MN

Холливудээс хөөгдөж буй Жонни Депп

ХҮМҮҮС

Холливудээс хөөгдөж буй Жонни Депп

Холливудээс хөөгдөж буй Жонни Депп

Холливудын алдарт жүжигчин Жонни Деппийг хуучин эхнэр буюу Амбер Хирдийг зоддог байсан хэмээх агуулгатай нийтлэл 2018 онд Английн "The Sun" сонинд нийтлэгдсэн билээ. Нэр хүндэд нь илт халдсан тус сонины нийтлэгчийг Депп Их Британийн шүүхэд дуудан, зарга үүссэн бөгөөд удаан үргэлжилсэн шүүх хурал арваннэгдүгээр сард өндөрлөж, Английн дээд шүүх “The Sun" сонинд худал мэдээлэл нийтлэгдээгүй. Жонни Депп эхнэрээ зоддог байсан нь үнэн” хэмээн тогтоосон юм.

Английн шүүхийн шийдвэрээс шалтгаалан "Варнер Брос" тэргүүтэй хэд хэдэн кино компани Деппийг цаашид кинонд тоглуулахаас татгалзаж, оронд нь өөр жүжигчин сонгох болсон байна. Тухайлбал, Жонни Деппийн эсрэг талын гол дүрд тоглодог байсан "The Fantastic Beasts" цуврал кино дараагийн ангидаа, Карибын тэнгисийн дээрэмчид кино ч мөн дараагийн ангидаа тус тус Деппийг тоглуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэр ч байтугай кино, цуврал, контентын цахим платформ Netflix хүртэл кино сангаасаа Жонни Деппийн тоглосон кинонуудыг устгаж эхэлжээ. Энэ маягаараа цааш үргэлжилбэл олны хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин эр Оскарын шагнал авч амжилгүй кино урлагаас зодог тайлах бололтой.

Гэхдээ тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард Амбер Хирдийн "The Washington Post" сонинд Депп өөрийг нь зоддог байсан гэх утгатай нийтлэл хэвлүүлсний дараа АНУ-ын шүүхэд дуудан, дахин заргалдахаар төлөвлөж байгаа аж.

Ийнхүү гэрчгүй хэргээс болоод цэнхэр дэлгэцийг үүрд орхих дээрээ тулаад буй алдарт кино жүжигчин, рок од хоёрдугаар Жон Кристофер Деппийг бид энэ долоо хоногийн "ХҮМҮҮС" буландаа онцоллоо.

Хоёрдугаар Жон Кристофер "Жонни" Депп

Хоёрдугаар Жон Кристофер "Жонни" Депп бол Америкийн алдарт жүжигчин, хөгжимчин, продюсер юм. Тэрбээр Флит гудамжны үсчин чөтгөр Свини Тодд (2007) кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болсон төдийгүй бусад уран бүтээлүүдээрээ гурван ч удаа академийн шагналд нэр дэвшиж байсан билээ. Тэрбээр хамгийн анх 1984 оны Элм гудамжны хар дарсан зүүд кинонд дүр бүтээж байсан бөгөөд удалгүй 1987-1990 онд үргэлжилсэн 21 Jump Street телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ тухайн үеийн хүүхэд, залуусын дунд од болон тодорч байв.

Үлгэрийн болон хүүрнэлт, адал явдалт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн Хайчин гарт Эдвард (1990), Эд Вуд (1994), Донни Браско (1997), Нойрмог хөндий (1999), Карибын тэнгисийн дээрэмчид цуврал (2003-одоо), Нэвэрландын эрэлд (2004), Үхдэл сүйт бүсгүй (2005), Чарли ба шоколадны үйлдвэр (2005), Ардын дайсан (2009), Алиса гайхамшигийн оронд (2010), Жуулчин (2010), Ранго (2011), Модод руу (2014), Гайхамшигт мангасууд (2016, 2018), Зэрлэгүүдийг хүлээхүй (2020) зэрэг кинонуудад чадварлаг тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм.

Өдгөө Депп дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтын дээгүүрт, хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын аравдугаарт бичигддэг билээ. Түүний тоглосон кино дор хаяж АНУ-д 3.7 тэрбум ам.доллар, дэлхийд 10 тэрбум ам.доллар олдог. Түүгээр зогсохгүй Жонни Депп 2012 онд 75 сая ам.долларын цалин авч, "Геннисийн ном"-д “Хамгийн өндөр цалинтай жүжигчин” хэмээн бичигдэн үлджээ.

Жонни Депп найман ч киног өөрийн дотнын анд, кино найруулагч, продюсер Тим Бартонтой болон түүний эхнэр Хелена Бонхэм Картер нартай хамтран бүтээсэн юм. Мөн тэрбээр Тим Бартоны гайхалтай үлгэрийн мэт кинонуудын ер бусын сонирхолтой гол дүрүүдийг хэнээс ч илүү чадварлаг бүтээснийхээ төлөө 2015 онд Диснейн домог хэмээн нэрлэгдэх болсон аж. Депп зөвхөн кино урлагаас гадна Холливуд Вампир, Алис Купер, Жо Перри, Мэрилин Мэнсон зэрэг рок хамтлаг, дуучидтай хамтран хэд хэдэн тоглолтод оролцсон авьяаслаг рок хөгжимчин юм.

Бага нас

Хоёрдугаар Жон Кристофер Депп 1963 оны зургадугаар сарын 9-нд Кентаки мужийн Оуэнсборо хотод үйлчлэгч Бетти Сью Полмер, инженер Жон Кристофер Депп нарын дөрөв дэх буюу отгон хүүхэд болон мэндэлжээ. Тэдний гэр бүл Деппийн бага насанд олон газраар нүүн, 20 орчим хотод хэсэгхэн хугацаагаар аж төрж байсан аж. Гэвч Деппийг 15 настай байх үед буюу 1978 онд түүний эцэг эх гэрлэлтээ цуцлуулж, ээж нь Роберт Полмер гэх эртэй гэрлэжээ.

Чухам Роберт Полмер л Деппэд урам зориг гээчийг анх үзүүлсэн гэдэг билээ. Тухайлбал, 2016 оны Грэммийн ёслол дээр Депп хойд эцэгтээ зориулан дуу дуулсан юм. Тэгхэдээ тэрбээр “Энэ дууны үг бол 15 жилийн өмнө хорвоог орхисон хойд эцгийн минь надад хэлж байсан үг. Тэр үнэхээр догь эр байсан юм. Гэхдээ бага зэрэг бүтэлгүй. Тэрээр амьдралынхаа талыг Иллинойс мужийн шоронд өнгөрөөсөн нэгэн. Тэр нэг удаа надад “Чиний тухайд бол, чи үнэхээр сайн хүү. Харин миний тухай гэвэл, би үнэхээр муу эр. Гэхдээ амьдралд чам шиг сайн байх үе олон ч над шиг муу эр байх үе ирдэг юм шүү” хэмээн хэлж байсан билээ” хэмээн хэлээд, ээжинхээ бэлэглэсэн гитарыг тоглон дуулсан юм.

Уран бүтээлийн гараа

Депп эцэг, эхээ салмагц сурч байсан Мирамар ахлах сургуулиа хаяж, рок хөгжимчин болохоор шийджээ. Гэвч эхлэл тун амаргүй байсанд Депп шантарч, хоёр долоо хоногийн дараа сургуульдаа эргэн очтол сургуулийн захирал нь түүнд мөрөөдлөө дагаж хөгжимчин болохыг зөвлөсөн гэдэг. Түүний байгуулсан "The Kids" хамтлаг 1980-1984 онд нутагтаа чамгүй амжилт олж байсан тул тэд амжилтаа ахиулахаар Лос Анжелес хотыг зорьжээ. Лос Анжелест очоод тэд хамтлагийнхаа нэрийг Six Gun Method болгон өөрчилсөн ч ямар нэгэн дуу хийж амжилгүй таржээ.

Удалгүй Депп Rock City Angels хамтлагтай хамтран “Мэри” хэмээх дуу бичсэн нь Young Man’s Blues цомогт багтсан байна. Тэрбээр 1983 оны арванхоёрдугаар сарын 20-нд хамтлагийнхаа баргил гитарчны дүү, дуучин Лори Анне Алисонтой гэрлэжээ. Алисон тухайн үед нүүр хувиргагч, үзэгний компанийн маркетинг зэрэг олон ажил хийдэг байсан аж. Тийнхүү Алисон анх Деппийг жүжигчин Николас Кэйжтэй танилцуулжээ. Николас Кэйж Деппийн авьяасыг олж хараад, кино урлагт хөл тавихыг санал болгож байсан гэдэг. Гэвч Депп Алисон хоёр 1985 онд салжээ.

Николас Кэйж Деппийг өөрийн төлөөлөгчтэй уулзуулан, улмаар хэд хэдэн найруулагчтай танилцуулж, жүжигчин болох гарааг нь эхлүүлж өгсөн байна. Депп анх жижиг кинонуудад бага мөнгөөр дүр бүтээдэг байсан ба түүнийгээ гэмт хэрэг хийхгүйгээр мөнгө олох илүү дээр арга гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. 2002 онд тэрбээр анхныхаа Оскарт "Карибын тэнгисийн дээрэмчид хараалт хар сувд" киноны Ахмад Жак Спарровын дүрээр нэр дэвшсэн байна. Дараа нь 2005 онд "Титаник" киноны Рөүсийн дүрээр алдаршсан Кэйт Винслэтийн хамт "Нэвэрландийн Эрэлд" кинонд Петер Пэний зохиолч Ж.М.Барригийн дүрийг бүтээн, хоёр дахь удаагаа "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн билээ. Мөн 2008 онд "Флит гудамжны чөтгөр үсчин Свини Тодд" кинонд бүтээсэн гол дүрээрээ дахин "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн ч авч чадаагүй юм. Гэхдээ түүний бусад наадмаас авч байсан шагналуудыг тоолбол хэдийн 67, нэр дэвшсэн нь 120 гаруй болжээ.

Карьерын төгсгөл

Арваннэгдүгээр сард Жонни Депп шүүх хуралдаа ялагдаж, хэд хэдэн кино компаниас “халагдсан” билээ. Болсон явдлыг олон шүтэн бишрэгч нь эсэргүүцэн, Деппэд сэтгэлийн дэм хайрлаж, Амбер Хирдээс шударга ёс шаардаж байлаа.

Хэдийгээр "Варнер Брос", "Дисней" зэрэг олон кино компани Депптэй байгуулсан гэрээгээ цуцалж, "Netflix" хүртэл Деппийн тоглосон кинонуудыг устгаж эхэлсэн ч "Christian Dior" компани Деппийг брэндийн нүүр царай хэвээр үлдээхээ амлажээ. Тэгэхдээ тэд “Францчууд америкчууд болон англичууд шиг аар саар юманд тийм ч амархан бодлоо өөрчилдөггүй. Бид ч гэсэн Жонни Деппэд хайртай олон сая хүмүүсийн нэгэн адил энэ бүх маргаан зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Депп манай брэндийн нүүр царй хэвээр үлдэнэ. Түүнтэй байгуулсан 5 сая ам.долларын гэрээнд өөрчлөлт орохгүй. Гэхдээ бусад компаниудаас шалтгаалан түүний тоглосон сурталчилгаанууд цэнхэр дэлгэцээр цацагдахгүй байж магадгүй юм” хэмээн мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Депп хэрвээ нэр хүндээ сэргээж чадахгүй бол цаашид АНУ-д ямар ч кинонд тоглох, цаашлаад зурагтаар гарах боломжгүй болох аж. Хэрвээ асуудал тиймдээ тулбал Жонни Депп АНУ-аас гадна өөр улсуудад кинонд тоглох боломжтой. Гэвч ижил зам туулсан жүжигчдийн жишээнээс харахад тэр нь тийм ч амжилттай зам биш аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-07 66.181.190.69

Жонни депп алдсан нэр хүндээ эргүүлж авнаа ❤️❤️

Avatar

Зочин 2021-01-07 202.126.90.148

Help Jonni dep no stop

Avatar

/*-*/ 2021-01-07 49.0.212.165

Манай Сүххуяг асан шиг юм болоодхож дээ

Avatar

Зочин 2021-01-07 103.14.36.18

Насандаа л байх хэрэгтэй штээ… Залуу эхнэр авч зовох гэж…

Avatar

Зочин 2021-01-07 103.57.94.93

Олон жил ханилсан эхнэр хүүхдээсээ салж лeсби хүүхэнтэй сууж байж амьдрал нь сүйрлээ

Avatar

Зочин 2021-01-07 66.181.161.34

Агуу чадвартай жүжигчин Дүр болгон нь өөр Би нэг хүн гэдгийг нь дараа нь олж харсан тохиолдол хэд хэд бий. Бусдыг бол хараад тэр байна энэ дүрд тоглождээ гэдэг бол

Avatar

Холливудаа гэж 2021-01-07 122.201.31.167

Сайн жүжигчин бол сайн л байх ёстой. Эхнэрийн буруутай үйл ажиллагаа, ааш авир нөлөөлснийг үгүйсгэж болохгүй.

Avatar

Зочин 2021-01-07 103.229.123.146

Авгайн гүтгэсэн нь тогтоогдон шдээ,

Avatar

Зочин 2021-01-07 122.201.22.41

Мунхаг болон мулгуу зан тийм их ялгаатай өөр зан чанар биш шүү дээ. Нэг утгатай үг. Адилхан зан чанар.

Avatar

Зочин 2021-01-07 66.181.191.142

Жонни Депп бол гайхамшигтай жүжигчин.
Түүний авьяас, ур чадвар гэр бүлийн асуудлаас нь
бол тийм амархан арчигдахгүй л болов уу! Эр, эмийн муудалцаан
50, 50 л байдаг шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-07 202.9.47.17

эмэгтэйчүүд бол амжилтын дайсан

Avatar

Зочин 2021-01-07 203.91.115.47

Эндээс бид нэг дүгнэлт хийж болох нь. Мунхаг мунаг байдал нь нийт эрчүүдийн түгээмэл имэйж. Харин мулгуу зан нь эмэгтэйчүүдэд илүүтэй харъяалагдана. Мунхаг байдлын хувьд яаж үүнийг засаж залруулах, хэрхэн үүнээс гарах талаар эрэгцүүлж болдог бол мулгуу байдалд ийм боломж хомс. Мулгуу занд өөртэйгөө хамт өрөөлийг магадгүй бүх дэлхийг үгүй хийх чадал нуугдаж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж